Вавилоны эсрэг тунхаглал

13 1 Амозын хүү Исаиагийн үзсэн, Вавилоны тухай зөн.*

2 Нүцгэн толгодын дээр туг босгож,
Дуугаа тэдэн рүү өндөрсгөн
Гараа дохиж тэднийг ноёдын үүдээр оруул!
3 Уур хилэнгээ гүйцэлдүүлэхийн тулд
Өөрийн ариусгасан нэгэнд Би тушаал өгсөн.
Өргөмжлөл дотор минь баясдаг
Хүчирхэг дайчдаа дуудсан.

4 Уулсын дээрх нүсэр их чимээ нь
Олон хүний хөл үймээн мэт байна
Хамтдаа цугларсан үндэстнүүд,
Хаанчлалуудын үймэлдэх их чимээ шуугиан байна.
Түг түмдийн ЭЗЭН тулаанд цэргүүдийг цуглуулж байна.
5 Тэд алс холын орноос,
Тэнгэрийн хязгаараас ирж байна.
ЭЗЭН ба Түүний зэвүүцлийн зэвсэг
Бүх газрыг устгахаар ирж байна.

6 ЭЗЭНий өдөр ойрхон учир уйлагтун!
Төгс Хүчит Нэгэнээс сүйрэл мэт ирж байна.*
7 Тиймээс хүн бүрийн гар суларч,
Хүн бүрийн зүрх хайлна.
8 Тэд айж түгшинэ
Өвчин зовлон тэднийг барина.
Төрөх гэж буй эмэгтэй шиг тарчилж,
Тэд балмагдан бие биеэ харна.
Тэдний царай улалзана.

9 Газрыг хоосруулж, нүгэлтнүүдийг нь устгах
Аймшигт, уур хилэнгээр бадарсан
ЭЗЭНий өдөр ирж байгааг харагтун.
10 Тэнгэрийн одод болон түүний ордууд гэрлээ гэрэлтүүлэхгүй
Нар мандахдаа харанхуйлж, сар гэрлээ үл тусгана.*
11 Бузар булай явдлынх нь төлөө ертөнцийг,
Хилэнцийнх нь төлөө буруутуудыг Би шийтгэнэ.
Ихэмсэг хүмүүсийн бардам занг эцэс болгоно.
Хэрцгий хүмүүсийн дээрэнгүй занг дарна.
12 Би хүнийг цэвэр алтнаас илүү үнэтэй
Хүн төрөлхтнийг Офирын алтнаас ховор болгоно.
13 Би тэнгэрийг донсолгоно.
Түг түмдийн ЭЗЭНий шатаж буй уур хилэнгийн өдөр
Түүнийг уурлахад газар байрнаасаа чичирнэ.
14 Хүн бүр хөөгдсөн гөрөөс,
Эзэнгүй хонь лугаа адил
Өөрийн хүмүүс рүүгээ эргэж,
Төрөлх нутаг руугаа зугтана.
15 Олдсон хүн бүрийг жадалж,
Олзлогдсон хүн бүрийг илдээр хорооно.
16 Нялхсыг ч нүднийх нь өмнө хэмх чулуудан
Орон байрыг нь тонож,
Эхнэрүүдийг нь хүчирхийлнэ.

17 Үзэгтүн, Би мөнгийг үл тоогч,
Алтыг үл таашаагч медечүүдийгa
Тэдний эсрэг хөдөлгөнө.
18 Нум нь залуусыг хиаруулан
Хэвлийд байгаа үрсийг ч үл өршөөнө.
Тэдний нүд хүүхдийг ч эс энэрнэ.
19 Хаанчлалуудын чимэг,
Халдеичуудын бахархлын алдар Вавилон нь
Содом, Гоморраг Бурхан унагасан шиг унана.*
20 Хэзээ ч тэнд хүн оршин суухгүй,
Үеэс үед хүн амьдрахгүй,
Арабууд тэнд майхнаа барихгүй,
Хоньчид сүргээ хотлуулахгүй.
21 Харин тэнд цөлийн амьтад хэвтэж,
Байшингууд нь шар шувуугаар дүүрнэ.
Тэнд тэмээн хяруул амьдарч,
Годрон буг тэнд бүжнэ. *
22 Бэхэлсэн цамхгуудад нь зэрлэг ноход,
Баян тансаг харшид нь цөөвөр чоно улина.
Тэр цаг удахгүй ирнэ,
Тэр өдөр үл хойшлогдоно.


  • 13:1—14:23 Иса 47:1–15; Иер 50:1—51:64
  • 13:6 Иое 1:15
  • 13:10 Езк 32:7; Мт 24:29; Мк 13:24–25; Лк 21:25; Илч 6:12–13
  • a13:17 медечүүд: Вавилоны зүүн хойд зүгт байсан энэ үндэстэн Персийн нэгэн хэсэг болсон байдаг.
  • 13:19 Эх 19:24
  • 13:21 Иса 34:14; Зеф 2:14; Илч 18:2