Египетийн тухай зөн
19 1 Египетийн тухай зөн.
Үзэгтүн, ЭЗЭН хурдан үүл хөлөглөн
Египет рүү ирж явна.
Египетийн шүтээнүүд Түүний өмнө чичирч,
Египетчүүдийн зүрх нь дотроо хайлав.*
2 “Би египетчүүдийг египетчүүдийн эсрэг турхирна.
Тэд ах дүүгийнхээ эсрэг,
Хөршийнхөө эсрэг,
Хот нь хотын эсрэг,
Хаанчлал нь хаанчлалын эсрэг байлдах болно.
3 Египетчүүдийн сүнс нь дотроо доройтно.
Би зөвлөгөөг нь самууруулахад
Тэд шүтээн, үхэгсдийн сүнс, сүнс дуудагчид болон төлгөч нартай зөвлөлдөнө.
4 Би египетчүүдийг харгис эзний гарт өгнө.
Догшин хаан тэднийг захирна” гэж
Түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна.
5 Далайн ус ширгэж, голын ус хатаж, хуурай болно.
6 Гол мөрнүүд өмхийрөн
Египетийн сувгууд нарийсан ширгэнэ.
Зэгс, хулс нь хувхайрна.
7 Нилийн эргийн, Нилийн аман дахь өвс ургамал,
Хагалсан талбай бүгд
Хатаж, хийсэн алга болно.
8 Загасчид гасалж,
Нил мөрөнд дэгээ хаягсад бүгд гашуудна.
Усанд тор тавигсад гутарна.
9 Маалинга боловсруулдаг хүмүүс,
Нарийн зотон нэхэгчид ч цөхөрнө.
10 Баганууд нь бяцлагдан
Хөлсний бүх ажилчин сэтгэлээр унана.
11 Зоаны ноёд үнэхээр мунхаг хүмүүс болж,
Фараоны хамгийн мэргэн зөвлөгчдийн зөвлөгөө ч тэнэг болов.
“Би мэргэний хүү, эртний хаадын хүү” гэж
Та нар Фараонд яаж хэлж чадах юм бэ?
12 Тэгвэл танай мэргэн хүмүүс хаана байна?
Египетийн эсрэг түг түмдийн ЭЗЭН юу төлөвлөснийг
Тэд ойлгож мэдээд та нарт хэлэг.
13 Зоаны ноёд мунхаглан үйлдэж,
Мемфисийн ноёд хууртагдлаа.
Овгуудынх нь булангийн чулуу бологсод
Египетийг төөрүүлжээ.
14 ЭЗЭН түүний дотор
Самуурлын сүнсийг цутгав.
Бөөлжсөндөө хутгалдсан согтуу хүн гуйвдаг шиг
Бүх үйл ажилдаа Египет төөрөлдөв.
15 Толгой болон сүүл,
Далдуу модны мөчир зэгс нь ч
Египетэд ямар ч нэмэр болохгүй.
16 Тэр өдөр египетчүүд эм хүн шиг болно. Тэдний дээгүүр далайж байгаа түг түмдийн ЭЗЭНий мутрын хөдөлгөөнөөс тэд айж, чичирнэ. 17 Тэдний эсрэг төлөвлөж буй түг түмдийн ЭЗЭНий зорилгоос болж, Иудагийн газар Египетэд айдас болно. Түүнийг дурссан хүн бүр айдаст автана.
Египет, Ассири бас Израил ерөөгдөнө
18 Тэр өдөр Египетийн нутгийн таван хот Канааны хэлээр ярьж, түг түмдийн ЭЗЭНд тангараг өргөнө. Энэ хотуудын нэг нь Нарны хот хэмээн нэрлэгдэнэ. 19 Тэр өдөр Египетийн нутгийн төвд ЭЗЭНд тахилын ширээ засагдах бөгөөд хил хязгаарынх нь дэргэд ЭЗЭНд зориулсан багана босгогдоно. 20 Энэ нь Египетийн нутагт түг түмдийн ЭЗЭНий тэмдэг, гэрч болно. Учир нь тэд дарангуйлагчдаас болж ЭЗЭНд хашхирна. Тэр тэдэнд Аврагч, Хүчит Нэгэнийг илгээнэ. Тэр тэднийг чөлөөлнө. 21 Тэгээд ЭЗЭН Өөрийгөө Египетэд мэдүүлж, тэр өдөр египетчүүд ЭЗЭНийг мэдэх болно. Тэр ч байтугай тэд тахил, өргөл өргөж, ЭЗЭНд ам өчиг өгч түүнийгээ биелүүлнэ. 22 ЭЗЭН Египетийг цохино. Цохих боловч эдгээнэ. Иймээс тэд ЭЗЭН рүү эргэвэл, Тэр тэдэнд хариулан тэднийг эдгээнэ.
23 Тэр өдөр Египетээс Ассири хүрэх их зам бий болж, ассиричууд Египет рүү, египетчүүд Ассири руу явж, египетчүүд ассиричуудтай хамт мөргөх болно. 24 Тэр өдөр Израил нь Египет, Ассирийн хамт гурав дахь болж, дэлхийн төв дэх ерөөл болно. 25 Тэднийг ерөөсөн түг түмдийн ЭЗЭН “Ард түмэн минь болох Египет, мутрын минь бүтээл болох Ассири, өв минь болох Израил ерөөлтэй” гэж айлдана.
- 19:1–25 Иер 46:2–26; Езк 29:1—32:32