Үнэн мөргөл ба хуурамч мөргөл

58 1 “Чангаар хашхир, бүү барь.
Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөж
Ард түмэнд маань гэмт үйлдлийг нь,
Иаковын гэрт нүглийг нь мэдүүлэгтүн.
2 Гэлээ ч зөвийг үйлддэг,
Бурханыхаа шүүлтийг умартаагүй үндэстэн мэт
Тэд Намайг өдрөөс өдөрт эрж,
Замыг минь мэдэхийг хүсдэг.
Тэд зөвт шийдвэрийн төлөө Надаас гуйж,
Бурханы ойр байхыг хүсдэг.
3 «Мацаг барихыг маань Та яагаад хараагүй юм?
Бид номхон даруу болж байгааг
Та яагаад ажиглаагүй юм бэ?» гэдэг.
Үзэгтүн, мацаг барих өдрөө та нар таалалдаа үйлчилж,
Хамаг ажилчдаа мөлждөг.
4 Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж,
Гэмт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг.
Өндөрт дуу хоолойгоо дуулгая гэвэл
Өнөөдрийнх шиг мацаг бүү барь.
5 Ийм мацгийг Би сонгосон гэж үү?
Өөрийгөө даруусгах өдөр ийм байдаг гэж үү?
Толгойгоо зэгс мэт бөхийлгөн
Үнсэн дээр хэвтэж, таар нөмрөх төдий гэж үү?
Үүнийг л та нар мацаг барилт
ЭЗЭНд тааламжит өдөр гэж дууддаг юм уу?

6 Гэм буруугийн хүлгийг мултлан
Буулганых нь оосрыг тайлж,
Дарлагдагсдыг чөлөөлөөд
Аливаа буулгыг эвдэхийн тулд
Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу?
7 Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан,
Хөөгдөж туугдсан ядуусыг гэртээ авчрахын тулд бус уу?
Нүцгэн нэгнийг хараад хувцаслаж,
Цусан төрлөөсөө нуугдахгүй байхын тулд бус уу?*
8 Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ шиг цацарч,
Эдгэрэлт чинь үтэр түргэн өсөж,
Зөвт байдал чинь чиний өмнө явах бөгөөд
ЭЗЭНий алдар чиний арын хамгаалалт болно.
9 Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж,
Чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана.
Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж,
Хуруугаараа чичлэхээ, хорон муу ярихаа боливол,
10 Өлсөгчдөд өөрийгөө өгч,
Зовогсдын сэтгэлийг цатгавал,
Гэрэл чинь харанхуйд мандаж,
Бүрхэг бүүдгэр чинь үд дунд мэт болно.
11 ЭЗЭН чамайг ямагт удирдан
Хатсан газарт ч хүслийг чинь хангана
Тэрээр ясанд чинь тэнхээ өгнө
Тиймээс чи усалсан цэцэрлэг мэт,
Ундарга нь ширгэшгүй булаг мэт болно.
12 Танайхан хуучны балгасуудыг дахин сэргээж
Олон үед орхигдсон сууриудыг босгоно.
Чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч,
Оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ.

13 Амралтын өдрийг зөрчихөөс чи хөлөө татаж,
Миний ариун өдөр таашаалаа үйлдэхгүй байж,
Амралтын өдрийг баясгалантай,
ЭЗЭНий ариун, эрхэм хүндэт гэж дуудан,
Замаараа явалгүй, таашаалаа хайлгүй,
Дэмий үг ярилгүй, харин энэ өдрийг хүндэлбэл
14 Чи ЭЗЭНий дотор баяр хөөрийг олно.
Би чамайг дэлхийн өндөрлөгүүдээр аялуулна.
Эцэг Иаковын чинь өв хөрөнгөөр Би чамайг тэжээнэ” гэж
ЭЗЭНий ам айлджээ.


  • 58:7 Мт 25:35