50 1 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Би эхийг чинь хөөсөн гэж үү?
Тэгвэл салалтын гэрчилгээ нь хаана байна?
Зээлдүүлэгчдийнхээ хэнд нь
Би чамайг худалдсан юм бэ?
Үзэгтүн, та нар хилэнцээсээ болж худалдагдсан,
Гэмт үйлдлээс чинь болж, эх чинь хөөгдсөн.
2 Намайг ирэхэд яагаад хүн байхгүй байв?
Намайг дуудахад яагаад хэн ч эс хариулав?
Миний мутар зольж чадахааргүй богино гэж үү?
Эсвэл Надад аврах хүч байхгүй юу?
Үзэгтүн, Би зэмлэлээрээ далайг ширгээж,
Гол мөрнийг цөл болгох бөгөөд
Тэндхийн загас усгүйгээс болж өмхийрөн, цангаж үхнэ.
3 Би тэнгэрийг харанхуйгаар хучин
Бүтээлгийг нь таар болгоно.”

Зарцын амсах бүхэн

4 Эцэж ядарсан хүнд үгээр туслахыг мэдээсэй хэмээн
Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн.
Өглөө бүр Намайг сэрээн шавь мэт сонсгохын тулд
Чихийг минь Тэр нээнэ.
5 Эзэн БУРХАН чихийг минь нээсэн бөгөөд
Би ч тэрсэлсэнгүй, гэдрэг ухарсангүй.
6 Цохигчдод Би нуруугаа өгч,
Сахлыг минь үгтээх хүнд хацраа тавьж өглөө.
Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй.*

7 Учир нь Эзэн БУРХАН Надад тусалдаг.
Тиймээс Би гутамшиг болохгүй.
Тиймээс Би нүүрээ цахиур мэт байлгасан ба
Ичгүүрт орохгүй гэдгээ Би мэднэ.
8 Намайг зөвтгөгч ойрхон байна.
Хэн Надтай тэмцэлдэх вэ?
Хамтдаа зогсоцгооё.
Хэн Надтай заргалдах вэ?
Тэр дэргэд минь хүрч ирэг.*
9 Үзэгтүн, Надад тусалдаг
Эзэн БУРХАН байна.
Хэн Намайг яллах вэ?
Харагтун, тэд бүгд хувцас адил хуучирч,
Хивэн эрвээхэйд идүүлнэ.

10 Та нарын дунд ЭЗЭНээс эмээдэг,
Зарцынх нь дуу хоолойг дагадаг хүн байна уу?
Харанхуйд явдаг, гэрэлгүй хүн ээ,
ЭЗЭНий нэрд итгэ, Бурхандаа найд.
11 Гал ноцоож, галт сумаар бүсэлж,
Галынхаа дөл, галт сумаараа алхагч бүгд ээ,
Гаслан шаналал дунд хэвтэхээс өөр
Гараас минь хүртэх юм та нарт байхгүй.


  • 50:6 Мт 26:67; Мк 14:65
  • 50:8–9 Ром 8:33–34