Газар дэлхийд айсуй шүүлт

24 1 Үзэгтүн, ЭЗЭН газрыг хоосруулан хөмрөх гэж байна. Тэрээр газрын гадаргууг эвдэж, оршин суугчдыг нь тараана. 2 Ард олон нь тахилч шиг, боол нь эзэн шигээ, шивэгчин нь хатагтай шигээ, худалдан авагч нь худалдагч шиг, зээлдэгч нь мөнгө хүүлэгч шиг, өртөн нь авлагатан шиг байх болно. 3 Дэлхий бүрэн хоосрон, бүрэн тоногдоно. Учир нь ЭЗЭН энэ үгийг айлдсан юм. 4 Дэлхий гашуудан хувхайрна. Ертөнц гаслан хувхайрна. Дэлхийн хүмүүст өргөмжлөгдсөн нь алга болно. 5 Газар оршин суугчдынхаа доор бузарлагджээ. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн мөнхийн гэрээг эвдсэн юм. 6 Иймээс газрыг хараал идэж, түүн дээр амьдрагчид нь гэм нүгэлд автжээ. Иймээс газрын оршин суугчид нь шатаагдаж, цөөхөн хүн үлдэв.

7 Шинэ дарс хатаж,
Усан үзмийн мод нь гандана.
Наргианч зүрхтэй бүхэн санаа алдана.
8 Бөмбөрийн хөгжөөнт дуу тасран,
Наргигчдын шуугиан зогсож,
Ятгын баясгалант эгшиг тасарна.
9 Тэд дарс ууж дуулахаа болино.
Сархад уухад ч энэ нь гашуун болно.
10 Самуурсан хот нурж,
Байшин бүр хаагдаж, хэн ч үл орно.
11 Гудамжинд усан үзмийн дарсны төлөө орилолдон,
Бүх баяр баясгалан нь уйтгар гуниг болно.
Дэлхийн зугаа цэнгэл арилна.
12 Хотын дотор сүйрэл үлдэж,
Гулдан хаалга нь эвдэрнэ.
13 Энэ нь чидун модыг доргиох мэт
Усан үзэм хураалтын дараах хаягдал түүх мэт
Дэлхийн төвд, хүмүүсийн дунд
Тийм болох болно.

14 Тэд дуугаа өргөж, баяртайгаар хашхирна.
Тэд тэнгисээс ЭЗЭНий сүр жавхланг бахдан хашхирна.
15 Ийм учраас дорно зүгт ЭЗЭНийг алдаршуулж,
Далайн арлуудад Израилын Бурхан ЭЗЭНий нэрийг алдаршуулагтун!
16 “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэх дуу
Дэлхийн хязгаараас гарахыг бид сонсож байна.
Гэвч би “Цуцаж байна, би цуцаж байна.
Урвах нь урваж, урвагч нь урважээ
Ээ халаг” гэж хэлэв.
17 Дэлхийн оршин суугч аа,
Аймшиг, нүх, занга нь дээр чинь байна.
18 Аймшгийн дуунаас зугтагч нь нүхэнд унана.
Нүхнээс авиран гарагч нь занганд орно.
Учир нь орой дээрх цонхнууд нээгдэж,
Дэлхийн сууриуд ганхах болно.
19 Газар бутран эвдэрч,
Газар хагарч, газар хүчтэй ганхана.
20 Дэлхий архичин шиг гуйвж,
Овоохой шиг дайвалзана.
Дээрх гэмт үйлдэл нь улам хүнд болж байгаа тул
Тэр унаад дахин хэзээ ч босохгүй.

21 Тэр өдөр өндөрт буй тэнгэрийн дайчид,
Дэлхий дээрх газрын хаадыг
ЭЗЭН шийтгэнэ.
22 Тэд гяндан дахь хоригдлууд мэт
Хамтдаа бөөгнөрөөд шоронд хоригдоно.
Олон хоногийн дараа тэд шийтгэгдэнэ.
23 Тэгэхэд сар ичиж, нар гутна.
Түг түмдийн ЭЗЭН, Сион уулан дээр
Йерусалимын дотор хаанчилж,
Ахмадуудынхаа өмнө
Сүр жавхлангаа байлгана.