Моабын тухай зөн

15 1 Моабын тухай зөн.

Моабын Аар шөнөөр устгагдан сүйрч,
Моабын Кир шөнөөр устгагдан сүйрэв.*
2 Тэд гашуудан уйлахаар дуган руугаа,
Дибон руу, мөргөлийн өндөрлөгүүд рүүгээ гарав.
Небо болон Медебагийн төлөө Моаб уйлав.
Хүн бүр толгойгоо халзалж, сахлаа хусжээ.
3 Тэд гудамжиндаа таар углацгааж,
Дээвэр болон талбай дээрээ бүгд орилон уйлалдана.
4 Хешбон, Елеале мөн уйлж,
Дуу нь Иахаз хүртэл сонсогдоно.
Тиймээс Моабын зэвсэглэсэн эрс чарлалдаж,
Зүрх нь үүний төлөө салгална.
5 Моабын төлөө зүрх минь хашхирна.
Тэдний оргодлууд Зоар, Еглат-Шелишиа хүртэл зугтана.
Тэд Лухитын бэлээр уйлалдан өгсөж,
Сүйрэл мөхөлдөө гашуудан
Хоронаимын зам дээр чарлах дуу ихсэнэ.
6 Нимримийн ус ширгэн өвс нь гандаж,
Ургамал ногоо үхэж, ногоон юмгүй болов.
7 Иймээс тэд нөөцөлсөн баялгаа Арабимын голоор зөөв.
8 Тэдний шаналалт дуу
Моабын нутгийн эргэн тойронд цуурайтаж,
Орилоон нь Еглаимд, бүр Беер-Елимд ч хүрэв.

9 “Димоны ус цусаар дүүрсэн ч,
Би Димонд уй гашууг нь нэмнэ.
Моабын оргодлууд ба тэр нутгийн үлдэгсэд дээр
Би арслан авчирна.”


  • 15:1—16:14 Иса 25:10–12; Иер 48:1–47; Езк 25:8–11; Амо 2:1–3; Зеф 2:8–11