Дарлалаас чөлөөлөгдсөний магтаал
25 1 ЭЗЭН Та миний Бурхан!
Би Таныг өргөмжлөн
Таны нэрд талархал өргөнө.
Учир нь Та өнө эрт төлөвлөсөн гайхамшгуудаа
Төгс итгэмжтэйгээр гүйцэтгэжээ.
2 Учир нь Та хотыг овоо,
Бэхлэгдсэн хотыг балгас болгож,
Харийнхны шилтгээн нь хот байхаа больж,
Хэзээ ч дахин сэргээгдэхгүй болжээ.
3 Ийм учраас хүчирхэг ард түмэн
Таныг алдаршуулна.
Харгис үндэстнүүдийн хотууд
Танаас эмээнэ.
4 Учир нь Та үгээгүйчүүдэд хамгаалалт нь болж,
Шаналсан ядууст өмөг түшиг болж,
Шуурганаас хоргодох газар,
Халуунаас халхлах сүүдэр нь болсон билээ.
Яагаад гэвэл харгис догшны амьсгал нь
Хананы эсрэг аадар,
5 Гантай газрын халуун лугаа адил билээ.
Үүлэн сүүдэр бүгчим халууныг багасгадаг шиг
Харийнхны үймээн шуугианыг Та дарж,
Харгис догшны дуу номхотгогддог.
6 Түг түмдийн ЭЗЭН
Энэхүү уулан дээрх бүх ард түмэнд
Хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий
Элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ.
7 Энэ уулан дээр Тэр
Ард түмний нүүрний халхавч,
Бүх үндэстний дээгүүр татсан
Бүтээлгийг Тэрээр залгина.
8 Тэр бас үхлийг мөнхөд залгина.
Эзэн БУРХАН бүх нүүрнээс нулимсыг арчин
Ард түмнийхээ зэмлэлийг
Бүх дэлхийгээс зайлуулна.
Учир нь ЭЗЭН үүнийг айлдсан юм.*
9 Тэр өдөр “Үзэгтүн. Энэ бол манай Бурхан.
Биднийг аварна гэж бид Түүнийг хүлээсэн
Энэ бол хүлээсэн ЭЗЭН маань ажээ.
Эдүгээ Түүний авралд бүгдээрээ баясан цэнгэе!” гэх болно.
10 ЭЗЭН мутраа энэ уулан дээр тавина.
Өтөг бууцны шавхайд
Сүрэл гишгэгдэх лугаа адил
Моаб өөрийн газартаа гишгэгдэнэ.*
11 Усанд сэлэгч сэлэхийн тулд гараа дэлгэх шиг
Моаб дунд нь гараа дэлгэнэ.
Гэвч түүний бардамналыг
Гарынх нь заль мэхтэй нь цуг номхотгоно.
12 Хэрмийн чинь халдашгүй бэхлэлтүүдийг Тэрээр нурааж,
Газрын хөрстэй нь Тэрээр тэгшилнэ.
- 25:8 1Ко 15:54; Илч 7:17, 21:4
- 25:10–12 Иса 15:1—16:14; Иер 48:1–47; Езк 25:8–11; Амо 2:1–3; Зеф 2:8–11