Айсуй Хааны зөвтийн хаанчлал

9 1 Харин зовлонтой байсан газар дахин харанхуй болохгүй. Урьдын цагт Тэрээр Зебулун нутаг ба Нафталийн нутгийг үл тоож байсан бол хожим нь харийнхны нутаг Галил, Йорданы нөгөө тал, тэнгисийн замыг нэр сүртэй болгоно.*
2 Харанхуйд алхаж яваа ард түмэн их гэрлийг үзэв.
Үхлийн сүүдэрт нутагт суугчдын дээр гэрэл тусав.*
3 Та энэ үндэстнийг олшруулан
Баяр хөөрийг нь бадраажээ.
Ургац хураахын баяраар
Олз хуваахын хөөрөөр
Таны оршихуйд тэд баярлалдана.
4 Учир нь тэднийг дарамтлах буулгыг,
Мөрөн дээрх дөнгийг нь,
Дарангуйлагчийнх нь ташуурыг
Мидианы өдрийнх адил Та эвджээ.
5 Тулалдаанд цэрэг хүний өмссөн гутал бүрийг,
Цусанд булхсан хувцас бүхнийг
Галын түлш мэт шатаана.
6 Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж,
Бидэнд Хүү өгөгдсөн аж.
Засаглал Түүний мөрөн дээр байж,
Түүний нэрийг “Гайхамшигт Зөвлөгч,
Хүчит Бурхан,
Мөнхийн Эцэг,
Энхийн Жонон” гэж дуудна.
7 Давидын сэнтий дээр, түүний хаанчлал дээгүүр
Түүний засаглал хийгээд амар тайван нь эцэсгүй тэлнэ.
Шударга ёс, үнэн зөвөөр үүнийг
Өдгөөгөөс өнө мөнхөд тогтооно.
Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл
Түүнийг нь гүйцэлдүүлэх болно.*

Ихэрхэл ба дарлалын эсрэг шүүлт

8 Эзэн Иаковын эсрэг үг илгээв.
Энэ нь Израил дээр буув.
9 Ефраим болон Самарийн оршин суугчид
Бүгд үүнийг мэдэх болно.
Тэд зүрхний бардамнал, их зангаар
10 “Тоосгонууд эвдрэн нурсан ч,
Бид зассан чулуугаар дахин барина.
Ялам мод огтлогдсон ч,
Бид хуш модоор орлуулна” гэдэг.
11 Ийм учраас ЭЗЭН тэдний эсрэг дайснуудыг нь
Резинээс өдөөн босгох болно.
12 Дорно зүгээс арамчууд,
Баруун зүгээс филистчүүдийг явуулахад
Тэд амаа ангайлган Израилыг залгина.
Энэ бүхний дараа ч
Түүний уур хилэн эргэхгүй,
Тэрээр мутраа далайсан хэвээр байна.

13 Учир нь хүмүүс өөрсдийг нь цохисон Түүн рүү буцаж эргэдэггүй,
Түг түмдийн ЭЗЭНийг эрж хайдаггүй.
14 Тиймээс ЭЗЭН Израилаас толгой, сүүлийг нь тастаж,
Ганцхан өдөрт далдуу модны иш, мөчрийг нь тас огтолно.
15 Толгой нь өтгөс болон хүндэт хүмүүс,
Сүүл нь худал хуурмагийг номлодог эш үзүүлэгч юм.
16 Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж
Тэднээр удирдуулагсад нь самуурч будилдаг.
17 Тиймээс Эзэн тэдний залуусыг ч энэрэхгүй.
Өнчин, бэлэвснийг нь ч Тэр өрөвдөхгүй.
Учир нь тэд бүгдээрээ сүсэг бишрэлгүй,
Гэм бурууг үйлдэгчид агаад
Ам болгон мунхаг зүйл ярьдаг.
Энэ бүхний дараа ч
Түүний уур хилэн эргэхгүй,
Тэрээр мутраа далайсан хэвээр байна.

18 Учир нь гэм буруу нь гал мэт шатаж,
Сундуу бут ба өргөст бутыг түймэрддэг.
Энэ нь ойн ширэнгийг хүртэл ноцоож,
Дээшээ утаан багана мэт хөөрнө.
19 Түг түмдийн ЭЗЭНий уур хилэнгээр
Газар хуйхлагдах бөгөөд
Хүмүүс галын түлш мэт болно.
Хэн ч ах дүүгээ хайрлахгүй.
20 Тэд баруун гарт байгаагаа шүүрэн ававч, өлссөн хэвээр.
Тэд зүүн гарт байгаагаа залгивч үл цадна.
Тэд ураг төрлийнхөө махыг иднэ.
21 Манассе Ефраимыг,
Ефраим Манассег залгина.
Тэд хамтарч Иудагийн эсрэг босно.
Энэ бүхний дараа ч
Түүний уур хилэн эргэхгүй,
Тэрээр мутраа далайсан хэвээр байна.


  • 9:1 Мт 4:15
  • 9:2 Мт 4:16; Лк 1:79
  • 9:7 Лк 1:32–33