Бурханы ард түмний ерөөл
51 1 “Зөвт байдлыг мөшгөн ЭЗЭНийг хайгчид аа.
Намайг сонсогтун.
Та нарыг цавчиж гаргасан хадыг,
Та нарыг малтаж гаргасан нүхийг харагтун.
2 Өвөг эцэг Абрахамаа,
Өөрсдийг чинь төрүүлсэн Сараг хар.
Ер ганцаар нь л түүнийг Би дуудсан
Ерөөж түүнийг харин Би олшруулсан.
3 Үнэхээр ЭЗЭН Сионыг тайвшруулж,
Хоосорсон газар бүхнийг нь тайтгаруулна.
Зэлүүд талыг нь Еден шиг,
Цөлийг нь ЭЗЭНий цэцэрлэг мэт болгоно,
Тэндээс баясгалан, цэнгэл,
Талархал, дуу хуур гарах юм.
4 Ард түмэн минь, Надад анхааран
Үндэстэн минь, Над руу чих тавигтун.
Учир нь хууль Надаас гарна.
Шударга ёсоо Би ард түмнүүдийн гэрэл болгоно.
5 Зөвт байдал минь ойр,
Аврал минь гарч ирж байна.
Мутар минь ард түмнүүдийг шүүнэ.
Эргийн нутгууд Намайг эрэлхийлэн
Тэд мутрыг минь горьдон хүлээнэ.
6 Тэнгэр өөд харцаа өргөөд,
Доошоо газар луу харагтун.
Тэнгэр утаа мэт алга болж,
Газар хувцас мэт хуучирна.
Оршин суугчид нь шумуул мэт үхнэ.
Харин аврал минь мөнхөд байна,
Үнэн зөв минь үл мөхнө.
7 Үнэн зөвийг мэддэг,
Зүрхэнд нь Миний хууль буй ард түмэн
Намайг сонсогтун.
Хүний зэмлэлээс бүү ай.
Доромжлолоос нь бүү эмээ.
8 Хивэн эрвээхэйд тэд дээл хувцас мэт идүүлж,
Өт хорхой тэднийг ноос мэт иднэ.
Харин зөвт байдал минь мөнхөд,
Аврал минь үеийн үед байна.”
9 Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь,
Сүр хүчээ өмсөөч!
Өнийн өдрүүд, эртний үеүдийнх шигээ сэрэгтүн.
Рахаабыгa хэсэгчин тасчиж,
Лууг нэвт хатгасан нь Та бус уу?
10 Далай тэнгис, их гүний усыг хатаан
Золигдогсдыг гатлуулахын тулд
Тэнгисийн гүнийг зам болгосон нь Та бус уу?
11 Ингээд ЭЗЭНээр золигдогсод буцаж,
Баяртайгаар дуулан Сион руу ирнэ.
Тэргүүн дээр нь мөнхийн баяр хөөр байна.
Баяр хөөр тэднийг нөмөрч,
Гуниг, зовлон зугтан одно.
12 “Би, зөвхөн Би л та нарыг тайвшруулагч
Гэтэл үхэх хүмүүнээс айн,
Өвс болдог хүмүүнээс чи юунд эмээнэ вэ?
13 Тэнгэрийг дэлгэж, газрын суурийг тавигч,
Бүтээгч ЭЗЭНээ чи мартан
Устгахад бэлэн юм шиг уурлах дарлагчаас
Үргэлж, өдөр бүр чи айж байх уу?
Гэвч дарлагчийн уур хилэн хаана байна вэ?
14 Олзлогдогсод удахгүй чөлөөтэй тавигдана. Тэд гянданд үхэхгүй, талхаар ч дутагдахгүй. 15 Нүргээнт давлагаатай далай тэнгисийг хутган хөдөлгөгч нь чиний Бурхан, ЭЗЭН Би юм. Түг түмдийн ЭЗЭН бол Түүний нэр мөн. 16 Тэнгэрсийг тогтоож, газрын суурийг тавиад Сионд «Чи Миний ард түмэн» гэж айлдахын тулд аманд чинь үгээ тавьж, мутрынхаа сүүдрээр чамайг халхалсан нь Би билээ.”
17 Өөрөө сэрэгтүн, өөрөө сэрэгтүн,
Босогтун Йерусалим аа!
ЭЗЭНий мутрын хилэнгийн аяганаас чи уусан,
Согтуурлын аяганы шавхрууг ч уусан.*
18 Төрүүлсэн хамаг хөвгүүнийх нь дунд
Түүнийг хөтлөх хүн алга.
Өсгөсөн бүх хөвгүүнийх нь дунд
Гараас нь түших хүн ч алга.
19 Ийм хоёр юм чам дээр уналаа.
Чиний төлөө хэн гашуудах вэ?
Эвдрэл, сүйрэл, өлсгөлөн, илд.
Хэнээр Би чамайг тайвшруулах вэ?
20 Хөвгүүд чинь сульдан
Торонд орсон зээр шиг
Гудамж бүрийн эхэнд хэвтэнэ.
ЭЗЭНий хилэн, Бурханы чинь зэмлэлээр
Тэд дүүрэн байна.
21 Тиймээс зовсон хүмүүс ээ,
Дарсанд бус атлаа согтогч оо,
Үүнийг сонс.
22 Ард түмнийхээ төлөө заргалдагч Эзэн чинь,
ЭЗЭН Бурхан чинь ингэж айлдаж байна.
“Үзэгтүн. Би гараас чинь согтуурлын аягыг,
Хилэнгийнхээ аяганы шавхрууг авлаа.
Үүнээс чи дахин хэзээ ч уухгүй.
23 «Тонгой. Бид дээгүүр чинь алхана» хэмээн чамд хэлсэн
Зовоогчдын чинь гар дээр би үүнийг тавина.
Чи нуруугаа газар мэт болгоод
Тэдний алхах гудамж мэт болгожээ.”
- a51:9 Рахааб: Нүгэл будилааны бэлгэдэл болсон домгийн тэнгисийн мангас. Заримдаа Египетийг бэлгэддэг байна.
- 51:17 Илч 14:10, 16:1952