Бурханы хүсдэг мөргөл
66 1 ЭЗЭН үүнийг айлдаж байна.
“Тэнгэр болбоос Миний сэнтий,
Газар болбоос Миний хөлийн гишгүүр.
Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ?
Миний амрах газар гэж юу байх вэ?* *
2 Энэ бүх юмсыг Миний мутар бүтээсэн бөгөөд
Энэ бүхэн ийнхүү оршдог” гэж ЭЗЭН тунхаглав.
“Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй,
Үгэнд минь чичирдэг нэгнийг л Би анхаарна.
3 Үхэр [тахилд] нядалдаг ч хүн хороодог,
Хургаар тахил өргөдөг ч нохойн хүзүү мушгидаг,
Идээн өргөл өргөдөг ч гахайн цус өргөдөг,
Үнэртнээр санамж өргөл хийдэг ч шүтээнийг магтдаг
Тийм хүмүүс замаа өөрсдөө сонгосон
Тэдний сэтгэл ёс бус үйлдээ баясдаг.
4 Дуудаад байхад минь хэн нь ч хариулсангүй,
Дуугарсан боловч хэн нь ч Надад чих тавьсангүй,
Харин тэд Миний өмнө мууг үйлдэж,
Хүсээгүйг минь сонгосон учраас
Би тэдэнд шийтгэл сонгоно.
Айдаг юмыг нь тэдний дээр авчирна.”
Сионы зөвтгөл
5 ЭЗЭНий үгэнд чичрэгсэд ээ,
Түүний үгийг сонсогтун.
“Нэрээс минь болж та нарыг үзэн ядаж, хавчдаг ах дүүс чинь
«ЭЗЭН алдарших болтугай.
Баяр баясгаланг чинь үзчихье» гэцгээж байна.
Гэвч тэд ичих болно.
6 Хотоос гарах их шуугиант дуу,
Сүмээс гарах дуу чимээ бол
Дайснуудынхаа үйлийн хариуг барьж байгаа
ЭЗЭНий дуу юм.
7 Дуншиж өвдөхөөсөө өмнө Сион төрлөө,
Тэрээр өвдөөгүй байхдаа хүү төрүүллээ.*
8 Хэн ийм юм сонссон бэ?
Хэн ийм юм үзсэн бэ?
Ганц өдөрт дэлхий бий болж чадах уу?
Ганц мөчид л үндэстэн бий болж чадах уу?
Сион дуншиж эхэлмэгцээ л хөвгүүдээ төрүүлэв.
9 Би амсар дээр нь авчраад төрүүлэхгүй байх уу?” гэж ЭЗЭН айлдаж байна.
“Эсвэл төрөлтийг өгчхөөд Би умайг хаах уу?” гэж
Бурхан чинь айлдаж байна.
10 “Йерусалимыг хайрлагчид бүгд түүнтэй баясан цэнгэгтүн.
Түүний төлөө гашуудагсад бүгд түүнтэй хамт баяс.
11 Ингэвэл Түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадна.
Элбэг хангалуун энгэрт нь баярлана.”
12 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, Би түүний амар тайвныг гол мэт тэлнэ.
Үндэстнүүдийн баялгийг үерийн урсгал мэт болгоно.
Та нарыг гар дээр өргөн өвдөг дээр энхрийлнэ.
13 Эх нь хүнийг тайвшруулах адил
Би та нарыг тайвшруулж,
Йерусалимд та нар тайвшрах болно.”
Бурханы хаанчлал ба хилэн
14 Үүнийг үзээд зүрх чинь баясаж,
Яс чинь ургамал ногоо мэт сэргэнэ.
ЭЗЭНий мутар зарц нартаа мэдэгдэнэ.
Харин Тэр дайснуудаа зэвүүцнэ.
15 Үзэгтүн, уур хилэнг ба шүүлтээ
Галын дөлтэй хамт буулгахаар
ЭЗЭН хуй салхи мэт тэрэгнүүдтэйгээ
Гал дунд ирж байна.
16 ЭЗЭН галаар хийгээд илдээрээ бүх махбодыг шүүнэ.
ЭЗЭНд хөнөөгдөх хүмүүс олон байх болно.
17 “Гахайн мах, жигшүүрт юмс ба хулгана иддэг бөгөөд
Голдоо байгаа нэгнийг дагаж,
Цэцэрлэгт очихоор өөрсдийгөө ариусган цэвэршүүлэгсэд
Бүгдээрээ эцэс болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
18 “Учир нь Би тэдний үйлс хийгээд бодлуудыг нь мэдэх бөгөөд бүх үндэстэн, хэлтнийг цуглуулахаар ирж байна. Тэд ирж, алдрыг минь үзнэ. 19 Би дунд нь тэмдэг тавин тэднээс амь хэлтрэгсдийг Таршиш, Пул, харваач Луд, Тубал, Иаван хэмээх үндэстнүүд рүү мөн нэр цууг минь сонсоогүй, алдрыг минь үзээгүй алс холын эргийн орнууд руу явуулна. Тэд алдрыг минь үндэстнүүдийн дунд тунхаглана. 20 Израилын хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий өргөөнд авчирдаг шиг идээн өргөл болгохоор бүх ах дүүг тань морь, тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Йерусалимд тэд бүх үндэстнээс авчирна” гэж ЭЗЭН айлдаж байна. 21 “Мөн тэднээс тахилч болон леви хүн болгохоор Би авна” гэж ЭЗЭН айлдаж байна.
22 “Миний бүтээх
Шинэ тэнгэр, шинэ газар
Миний өмнө зогсох мэт
Та нарын үр удам ба нэр чинь ч зогсоно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.*
23 “Шинэ сараас шинэ сар,
Амралтын өдрөөс Амралтын өдөр хүртэл
Миний өмнө мөргөхөөр бүх махбод ирнэ” гэж
ЭЗЭН айлдаж байна.
24 “Дараа нь тэд гарч ирж, Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ. Тэдний өт хорхой нь үхэхгүй, гал нь унтрахгүй. Тэд бүх махбодод жигшил болно.”*
- 66:1 Мт 5:34–35, 23:22
- 66:1–2а Үйл 7:49–50
- 66:7 Илч 12:5
- 66:22 Иса 65:17; 2Пт 3:13; Илч 21:1
- 66:24 Мк 9:48