Израилын аврал

27 1 Тэр өдөр зугтагч могой Левиатан,
Мурилзсан могой Левиатаныг
ЭЗЭН уур хилэнгээрээ бас
Их хүчит илдээрээ шийтгэнэ.
Тэр далайн лууг ална.*
2 Тэр өдөр “Усан үзмийн тариалангийн талбайн тухай дуулагтун.
3 ЭЗЭН Би хамгаалагч нь юм.
Би түүнийг агшин бүрд усалдаг.
Хэн ч түүнийг бүү гэмтээг гэсэндээ
Би түүнийг өдөр шөнөгүй хамгаална.
4 Надад хилэн байхгүй ч,
Сундуу бут, өргөст бутыг
Миний эсрэг тулалдуулахаар босговол
Би тэднийг гишгэж, нэгмөсөн шатаах байсан.
5 Хамгаалалтыг минь түшиг.
Надтай энхийг тогтоог,
Надтай энхийг тогтоог” гэнэ.

6 Хожмын өдрүүдэд Иаков үндэслэж,
Израил нахиалан цэцэглээд,
Бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ.

7 Түүнийг цохисон хүмүүсийг цохисон шигээ
Тэр түүнийг цохисон уу?
Түүнийг алсан тэд алагдсан шиг
Тэр бас алагдсан уу?
8 Та түүнийг зөв хэмжүүрээр шийтгэж,
Дорнын салхитай өдрийнх мэт
Догшин шуургаараа түүнийг зайлуулна.
9 Үүгээр Иаковын хилэнц уучлагдана.
Энэ нь нүглийг нь зайлуулсны бүх үр дүн болно.
Тэрээр тахилын ширээний бүх чулууг
Бутарсан шохойн чулуу мэт болгоход
Ашерагийн модон шон,
Утлагат тахилын ширээ үгүй болно.
10 Бэхлэгдсэн хотууд хоосорч,
Эдлэн газар нь цөл мэт мартагдана.
Тэнд тугал бэлчин хэвтэж,
Мөчрүүдийг нь иднэ.
11 Мөчрүүд нь хатаж хугарахад,
Эмэгтэйчүүд ирж, тэднээр гал асаана.
Учир нь тэд ялгах чадваргүй ард түмэн билээ.
Тиймээс Үйлдэгч нь тэднийг өршөөхгүй,
Бүтээгч нь тэднийг нигүүлсэхгүй.

12 Тэр өдөр ЭЗЭН Евфратын цутгалангаас Египетийн горхи хүртэл нүдэж эхэлнэ. Израилын хөвгүүд ээ, та нарыг нэг нэгээр чинь цуглуулна. 13 Тэр өдөр их бүрээ татна. Ассирийн нутагт гээгдсэн, Египетийн нутгаар тараагдсан хүмүүс ирж, Йерусалимын ариун уулан дээр ЭЗЭНд мөргөнө.


  • 27:1 Иов 41:1; Дуу 74:14, 104:26