Бүтээгч, чөлөөлөгч Бурхан
48 1 Иаковын гэр ээ!
Израил хэмээх нэрээр дуудагдаж,
Иудагийн уснаас гарч ирсэн бөгөөд
ЭЗЭНий нэрээр тангарагладаг,
Израилын Бурханыг дууддаг боловч
Үнэн зөв дотор байдаггүй чи
Үүнийг сонсогтун!
2 Өөрсдийгөө ариун хотынхон гэж нэрлээд,
Аугаа хүчит ЭЗЭН гэдэг нэртэй,
Израилын Бурханд түшигчид ээ!
3 “Би өнө эртний юмсыг эртнээс тунхаглан
Амнаасаа гаргаснаа Би зарласан бөгөөд
Гэнэт үйлдэж, тэдгээр нь биелсэн.
4 Учир нь чи зөрүүд,
Хүзүүндээ төмөр шөрмөстэй
Магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.
5 «Шүтээн минь үүнийг хийж,
Сийлмэл хөрөг, цутгамал дүрс минь үүнийг тушаасан» гэж
Чамайг ярих вий гэсэндээ
Би бүр эхнээс нь мэдүүлж,
Болохоос нь өмнө чамд сонордуулсан.
6 Чи сонссон, одоо бүгдийг нь хар.
Чи үүнийг одоо зарлахгүй юм уу?
Энэ цагаас эхлэн Би чамд шинэ юмсыг,
Чиний мэддэггүй нууцлагдсан зүйлсийг сонсгоё.
7 Тэдгээр нь урьд биш, сая бүтээгдсэн юм.
«Хараач, би үүнийг мэдэж байсан» гэж чамайг хэлүүлэхгүйн тулд
Өнөөдрийг хүртэл чи тэдгээрийг сонсоогүй.
8 Чи сонсоогүй, мэдээгүй.
Тэгээд ч чих чинь нээгдээгүй байсан.
Учир нь чамайг урван тэрсэлнэ гэдгийг,
Хэвлий дотор байхаасаа тэрслэгч гэгдэхийг чинь
Би мэдэж байлаа.
9 Нэрийнхээ төлөө Би уур хилэнгээ хойшлуулж,
Өөрийгөө алдаршуулахын тулд
Би чамайг устгалгүй тэвчлээ.
10 Үзэгтүн, мөнгө шиг биш ч
Би чамайг цэвэршүүлсэн.
Зовлон зүдүүрийн зуухан дотор
Би чамайг сонгосон.
11 Өөрийнхөө төлөө, Би Өөрийнхөө төлөө үйлдэнэ.
Учир нь Миний нэр
Яахан гутаагдаж болох вэ?
Би алдраа бусдад өгөхгүй.
12 Намайг сонсогтун Иаков аа,
Миний дуудсан Израил аа,
Би Тэр мөн.
Би эхэн бөгөөд Би бас эцэс.*
13 Мутар минь дэлхийг суурилуулан
Баруун мутар минь тэнгэрийг дэлгэв.
Би тэднийг дуудахад тэд хамтдаа зогсдог.
14 Бүгдээрээ цуглаж, сонсогтун.
Хэн нь эдгээрийг тунхагласан бэ?
ЭЗЭН түүнийг хайрладаг.
Тэрээр хүссэнээрээ Вавилонд үйлдэж,
Мутар нь халдеичуудын эсрэг байна.
15 Би, Би айлдсан.
Би түүнийг дуудаж, Би түүнийг авчирсан,
Тэрээр замдаа амжилттай байна.
16 Надад ойртон ирээд, үүнийг сонсогтун!
Би эхнээсээ нууцаар яриагүй бөгөөд
Энэ нь болох үеэс Би тэнд байсан юм.
Эдүгээ Эзэн БУРХАН
Намайг болон Өөрийн Сүнсийг илгээв.”
17 Чамайг Золигч, Израилын Ариун Нэгэн,
ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Чамд тустайг сурган
Чамайг явах замаар чинь удирддаг
ЭЗЭН Бурхан чинь Би байна.
18 Тушаалуудыг минь чи анхаардаг ч болоосой,
Тэгвэл амар тайван чинь гол мэт,
Зөвт байдал чинь далайн давлагаа мэт байхсан.
19 Үр удам чинь элс мэт,
Өөрөөс чинь гарагсад элсний ширхэг мэт болж,
Нэрс нь оршихуйгаас минь
Хэзээ ч таслагдахгүй, устгагдахгүй байхсан.”
20 Вавилоноос гарч, халдеичуудаас зугтаа!
Баярт дуугаар мэдүүлж, үүнийг сонсгож,
“Зарц Иаковаа ЭЗЭН зольж авлаа гэж
Дэлхийн хязгаар хүртэл дэлгэрүүлэгтүн.”*
21 Тэр тэднийг цөлөөр дагуулах үед тэд цангаагүй.
Тэдний төлөө хаднаас ус урсгаж,
Тэрээр хадыг хагалан ус оргилуулж байсан юм.
22 “Гэм буруутуудад амар тайван үгүй” гэж ЭЗЭН айлдлаа.*
- 48:12 Иса 44:6; Илч 1:17, 22:13
- 48:20 Илч 18:4
- 48:22 Иса 57:21