64 1 Аяа, Та тэнгэрийг яран доош бууж ирвэл
Оршихуйд тань уулс доргин чичрэхсэн.
2 Ширэнгэ бутыг шатаадаг гал мэт,
Ус буцалгадаг гал адил
Оршихуйдаа үндэстнүүдийг чичрүүлэхийн тулд
Нэрээ дайснууддаа мэдүүлэхээр бууж ирээч.
3 Бидний хүлээгээгүй аймшигт үйлсийг Та хийх үед,
Таныг доош буухад
Уулс оршихуйд тань хайлжээ.
4 Өөрт нь итгэн хүлээгчийн төлөө үйлддэг
Үйлсээ зориулдаг Танаас өөр Бурханыг
Өнө эртнээс нааш хэн ч сонсоогүй,
Нэг ч чих дуулаагүй, нүд үзээгүй.*
5 Зөвт байдлыг баяртайгаар үйлдэгч,
Замуудаар тань замнаж Таныг дагадаг хүнтэй
Та уулзана.
Үзэгтүн, бид нүгэл үйлдэж,
Үүнийгээ удаан хугацаагаар үргэлжлүүлсэн тул
Та уурласан.
Бид аврагдах болов уу?
6 Бид бүгд бузар,
Бүхий л зөвт үйлс маань бохир хувцас мэт.
Бид бүгдээрээ навч мэт хатан хорчийж,
Хилэнц маань биднийг салхи мэт хийсгэжээ.
7 Таны нэрийг дуудан
Танаас зуурахаар босож өндийх хүн алга.
Учир нь хилэнцээс минь болж
Та биднээс нүүрээ нуусан
Өөрсдийн маань нүглийн хүчинд биднийг залгиулсан.

8 Гэвч эдүгээ ЭЗЭН, Та Эцэг маань,
Бид шавар, Та биднийг урлагч,
Бид бүгд Таны мутрын бүтээл.
9 ЭЗЭН минь, машид ихээр бүү хилэгнээч.
Хилэнцийг энд үүрд бүү дурсаач.
Үзэгтүн, Таны ард түмэн бид
Гуйж байгааг хараач.
10 Ариун хотууд тань зэлүүд,
Сион ч зэлүүд болж,
Йерусалим ч эзгүй боллоо.
11 Эцэг өвгөд маань Таныг магтаж байсан
Ариун, үзэсгэлэнт өргөө маань галд шатжээ.
Нандин бүх юм маань нуранги боллоо.
12 ЭЗЭН минь, эдгээрийг Та тэвчсээр байх уу?
Ийнхүү Та дуугүй байсаар, ихээр биднийг зовоох уу?


  • 64:4 1Ко 2:9