Үндэстнүүдийг шүүх нь

34 1 Үндэстнүүд ээ, ойртоод сонс!
Ард түмнүүд ээ, чагнагтун!
Газар ба түүнийг дүүргэгч бүхэн,
Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонс!
2 Учир нь ЭЗЭНий зэвүүцэл
Бүх үндэстний эсрэг байж,
Уур хилэнгээ бүх цэргийнх нь эсрэг гаргаж,
Тэднийг бүрмөсөн устгахаар
Тэрээр алуурчинд өгнө.
3 Алагдагсдыг нь гаргаж хаяхад
Хүүр нь өмхийрч,
Цус нь ууланд нэвчинэ.
4 Тэнгэрийн бүх эрхэс устаж,
Тэнгэрс ч хуйлмал ном мэт хуйлагдах болно.
Бүх эрхэс нь усан үзмийн ороонгын навч,
Инжрийн модны инжир унадаг шиг унана.*

5 Учир нь илд минь тэнгэрт үзэгдэжa,
Едомын дээрээс буух гэж байна, үзтүгэй!
Сүйрлийг хүртэх ард түмний дээр
Шүүлт минь буух гэж байна.*
6 ЭЗЭНий илд цусаар бялхсан байна.
Илд нь хурга ямааны цусаар дүүрч,
Хуцын бөөрний өөхөнд цаджээ.
Учир нь ЭЗЭН Бозраг тахил болгож,
Едомын газарт их нядалгаа хийнэ.
7 Бас зэрлэг үхэр тэдэнтэй,
Залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж,
Газар нь цусанд нэвчиж,
Шороо нь өөхтэй хутгалдаж тослогтоно.
8 Учир нь Сионд хариуг нь өгөх жил,
Өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.
9 Едомын урсгалууд нь давирхай болж,
Хөрс нь хүхэр болон хувирч,
Газар нь шатаж буй давирхай болно.
10 Өдөр ч, шөнө ч үл унтран,
Утаа нь мөнхөд суунаглана.
Үеийн үед тэрээр эзгүйрч
Үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.*
11 Тэнд бэгбаатар, зараа нутаглан
Ууль, хэрээ үүрлэнэ.
Тэр Едомын дээгүүр
Эзгүйрлийн шугам, хоосролын хүндрүүлэгч татна.
12 Едомын язгууртнуудын дотроос
Хаан гэж дуудагдах хүнгүй болж,
Ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.

13 Бэхлэгдсэн цамхгууд ба хотуудынх нь дотор
Сундуу бут, өргөст халгай ургаж,
Цөөвөр чонын орогнох газар,
Тэмээн хяруулын нутаг болно.
14 Тэнд цөлийн араатнууд зэрлэг ноходтой тааралдаж,
Годрон буг ч мөн ижлээ дуудан орилно.
Тийм ээ, шөнийн мангасb тэнд суурьшиж,
Амрах газраа олно.

15 Тэнд суман могой үүрээ засаж
Өндгөө хэвтэн дарж,
Тэднийгээ нөмөр дороо цуглуулна.
Тийм ээ, тас төрөл төрлөөрөө цуглана.
16 ЭЗЭНий номоос олоод уншигтун!
Тэдгээр амьтны нэг нь ч алга болохгүй,
Нэг нь ч ижлээ алдахгүй.
Учир нь Түүний ам айлдаж,
Сүнс нь тэднийг цуглуулсан юм.
17 Тэр Өөрөө тэдэнд шавга хаяж,
Мутар нь үүнийг тэдэнд хувааж өгсөн.
Тиймээс тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж,
Үеийн үед тэнд орших болно.


  • 34:4 Мт 24:29; Мк 13:25; Лк 21:26; Илч 6:13–14
  • a34:5 үзэгдэж: Эх бичвэрийн утга тодорхойгүй, евр. согтож
  • 34:5–17 Иса 63:1–6; Иер 49:7–22; Езк 25:12–14, 35:1–15; Амо 1:11–12; Оба 1–14; Мал 1:2–5
  • 34:10 Илч 14:11, 19:3
  • b34:14 шөнийн мангас: Эзгүй газарт байдаг эм чөтгөр гэж үздэг байжээ.