Едомын тухай хонзогнол
63 1 Едомоос ирэгч нь хэн бэ?
Бозрагаас, хурц улаан өнгийн хувцастай хэн ирэв?
Сүр жавхлангаар хувцасласан,
Их хүчээр урагш тэмүүлэгч нь хэн бэ?
“Зөвийг өгүүлэгч, аврах хүчтэй Би байна.”*
2 Дээл тань яагаад улаан,
Хувцас тань яагаад үзмийн шахуурга гишгэгч мэт байна вэ?
3 “Би ганцаараа усан үзмийн шахуургыг гишгэхэд
Ард түмнүүдээс Надтай хамт хэн ч байгаагүй.
Уурандаа Би тэднийг гишгэлж,
Хилэгнэсэндээ тэднийг дэвсэллээ.
Шүүс нь дээл рүү минь үсэрч,
Би бүх хувцсаа бузарлачихлаа*
4 Зүрхэнд минь өшөө авалтын өдөр байна
Золилтын минь жил айсуй.
5 Намайг харахад туслах хүн нэг ч байсангүй.
Намайг дэмжих хэн ч байхгүйд нь Би гайхав.
Тиймээс Өөрийн минь мутар Надад авралыг авчран
Уур хилэн минь Намайг дэмжив.*
6 Би уурандаа ард түмнүүдийг гишгэлж,
Хилэгнэсэндээ тэднийг согтоон,
Шүүсийг нь газарт асгасан юм.”
Бурханы өршөөлийг санах нь
7 ЭЗЭНий бидэнд соёрхсон бүхэн хийгээд
Израилын төлөөх агуу их ивээлийнх нь дагуу
ЭЗЭНий энэрэл хайрыг,
Түүний магтаалыг би дурдана.
Эдгээрийг Тэр өршөөлийнхөө дагуу,
Үлэмж их энэрэл хайрынхаа ёсоор
Тэдэнд соёрхсон билээ.
8 “Үнэхээр тэд ард түмэн минь бөгөөд
Худал ярихгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдан
Аврагч нь болжээ.
9 Бүх л зовлон шаналанд нь
Тэр шаналсан бөгөөд
Оршихуйн тэнгэрэлчээрээ тэднийг аварч,
Хайр, өршөөл дотроо Тэр золин авсан
Эртний бүхий л өдрүүдээс
Тэр тэднийг өргөж явсан билээ.
10 Харин тэд тэрслэн
Ариун Сүнсийг нь гомдоов.
Тиймээс Тэр эргэж дайсан нь болоод,
Тэдний эсрэг дайтсан.
11 Тэгэхэд ард түмэн нь
Мосегийн үе, эртний өдрүүдийг дурсан санасан.
“Сүргийнхээ хоньчинтой нь хамт тэднийг
Тэнгисээс гаргасан Тэр хаана байна вэ?
Тэдний дунд Ариун Сүнсээ тавьсан
Тэр хаана байна вэ?
12 Цог жавхлант мутраараа
Мосегийн баруун гарыг хөтөлж,
Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд
Тэдний өмнө нь усыг хэн хуваасан билээ?*
13 Тал нутгаар морьдыг дагуулах мэт
Тэднийг бүдрүүлэхгүйгээр далай дундуур удирдсан.
14 Үхэр сүрэг хөндий рүү буух шиг
ЭЗЭНий Сүнс тэднийг амрааж байсан.
Өөртөө цог жавхлант нэрийг бий болгохоор
Ард түмнээ Та удирдаж байсан” гэсэн.
Гэмшлийн залбирал
15 Тэнгэрээс доош харж,
Ариун, цог жавхлант газраасаа үзээч.
Таны зүтгэл, Таны хүчит үйлс хаана байна вэ?
Надад хандсан Таны сэтгэл
Өрөвдөл өршөөл тань надаас холджээ.
16 Абрахам биднийг мэдэхгүй,
Израил биднийг танихгүй
Харин Та л бидний Эцэг билээ.
Эртнээс Таны нэр бол Золигч.
17 Өө ЭЗЭН,
Юунд Та биднийг замаасаа төөрүүлэн
Зүрхийг минь хатууруулж,
Танаас эмээхгүй болгоо вэ?
Өвийнхөө овгууд,
Өөрийнхөө зарц нарын төлөө эргээч.
18 Ариун ард түмэн тань
Ариун газрыг богино хугацаанд эзэмшжээ.
Дайснууд маань ариун газрыг нураан гишгэлжээ.a
19 Бидний хувьд, Танд хэзээ ч захирагдаж байгаагүй,
Таны нэрээр нэрлэгдэж байгаагүй хүмүүстэй адил боллоо.
- 63:1–6 Иса 34:5–17; Иер 49:7–22; Езк 25:12–14, 35:1–15; Амо 1:11–12; Оба 1–14; Мал 1:2–5
- 63:3 Илч 14:20, 19:13,15
- 63:5 Иса 59:16
- 63:12 Гэт 14:21
- a63:18 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус