Авралын сайнмэдээ

61 1 Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна
Зовогсдод сайнмэдээ хүргэж
Шаналсан зүрхтэйг нь эдгээн
Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж,
Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд
Намайг ЭЗЭН тосолсон юм.
Намайг Тэр илгээсэн юм.* *
2 Мөн ЭЗЭНий тааламжит жил,
Бурханы маань өшөө авах өдрийг тунхаглан
Бүх гашуудагчийг тайвшруулан*
3 Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг,
Гашуудлын оронд баяр хөөрийн тосыг,
Гаслангийн оронд магтаалын хувцас өгөхийн тулд илгээсэн.
Тийнхүү тэд зөвт байдлын царснууд,
ЭЗЭНий суулгац гэж нэрлэгдэн
Түүнд алдрыг өргөх болой.
4 Тэд эртний балгасуудыг сэргээн босгож,
Урьдын сүйрлүүдийг янзалж,
Үеийн үед сүйрсэн хотуудыг шинэчилнэ.

5 Харь хүмүүс босож,
Та нарын сүргийг хариулна.
Харийн хөвгүүд та нарын тариачин,
Усан үзмийн тариаланчид болцгооно.
6 Харин та нар ЭЗЭНий тахилч нар,
Бурханы маань үйлчлэгчид гэж нэрлэгдэн
Үндэстнүүдийн эд баялгийг идэж,
Алдраар нь сайрхах болно.
7 Ичгүүрийн оронд хоёр дахин хувь авч,
Доромжлолын оронд тэд
Хувь ногдолдоо баярлана.
Тиймээс тэд газартаа хоёр дахин ихийг эзэмшин
Мөнхийн баяр баясгалан тэднийх болно.

8 Учир нь ЭЗЭН Би шударга ёсыг хайрлаж,
Хүчээр дээрэмдэхийг үзэн яддаг.
Би хариу шагналыг нь үнэнээр өгнө.
Би тэдэнтэй мөнхийн гэрээ байгуулна.
9 Тэгэхэд үр удам нь үндэстнүүдийн дотор,
Хойч үе нь хүмүүсийн дунд танигдана.
Тэд ЭЗЭНий ерөөсөн үр удам гэдгийг
Харсан бүгд мэдэх болно.

10 Би ЭЗЭНий дотор ихэд бахдан
Сэтгэл минь миний Бурханд баярлана.
Сүйт залуу цэцгийн хэлхээгээр чимж,
Сүйт бүсгүй үнэт чулуугаар гоёдог шиг
Тэр намайг авралын хувцсаар хувцаслаж,
Зөвт байдлын нөмрөгөөр бүтээв.*
11 Учир нь мөчир нахиагаа газар нь ургуулж
Дотор нь тарьсныг цэцэрлэг нь ургуулдаг шиг
Эзэн БУРХАН бүх үндэстний өмнө
Зөвт байдал, магтаалыг бий болгоно.


  • 61:1 Мт 11:5; Лк 7:22
  • 61:1–2 Лк 4:18–19
  • 61:2 Мт 5:4
  • 61:10 Илч 21:262