Сионд ирэгсэд
35 1 Цөл хийгээд хагсмал газар баярлана.
Эзгүй тал ч баясан сарнай мэт дэлгэрнэ.
2 Цэцэглэн дэлгэрээд, цэнгэн баясаж уухайлна.
Ливаны алдар, Кармел ба Шароны цог жавхлан түүнд соёрхогдоно.
Тэд ЭЗЭНий алдар, Бурханы маань сүр жавхланг харна.
3 Сульдсан гарыг тэнхрүүлэгтүн
Салгалсан өвдгийг бэхжүүлэгтүн!*
4 Хулчгар зүрхтнүүдэд
“Хүчтэй бай. Бүү ай!
Хараач, Бурхан тань айсуй.
Бурханы хонзогнол, хариу айсуй.
Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн.
5 Тэгэхэд хараагүй хүний нүд нээгдэж,
Сонсголгүй хүний чих онгойно.*
6 Тэр үед доголон хүн буга мэт дүүлж,
Хэлгүй нь баяртайгаар хашхирна.
Учир нь цөлөөс ус гарч, эзгүй талд урсана.
7 Улайдмал шороо нь цөөрөм,
Ундаассан газар нь усан булаг болно.
Цөөвөр чонын үүр, хоноглох газруудад
Өвс ургамал хулс, зэгс ургана.
8 Тэнд нэгэн их зам буй болж,
Ариун Зам хэмээн нэрлэгдэнэ.
Түүгээр бузар нь үл өнгөрнө,
Тэр нь Бурханы хүмүүсийнх байна.
Тэнэг хүмүүс түүгээр алхсан ч
Тэд замаасаа үл төөрнө
9 Тэнд арслан байхгүй,
Догшин араатан ч гарч ирэхгүй.
Тэндээс тэд олдохгүй.
Харин золигдогсод л түүгээр алхана.
10 ЭЗЭНий золин авсан хүмүүс эргэж,
Баярын уухайтай Сион руу ирнэ.
Тэргүүн дээр нь үүрдийн баясгалан байна.
Тэд баяр баясгалан, аз жаргалыг олно.
Уй гашуу, санаа алдалт зугтан одно.
- 35:3 Евр 12:12
- 35:5–6 Мт 11:5; Лк 7:22