Тэмдэг болсон Исаиагийн хүү

8 1 ЭЗЭН надад айлдсан нь
—Том хавтан аваад, дээр нь жирийн үсгээрa “Махер-шалал-хаш-баз”b гэж бичигтүн. 2 Би итгэмжит гэрч тахилч Уриа болон Иебехиагийн хүү Зехариа нарыг Өөртөө гэрч болгон авна гэв. 3 Ингээд би эмэгтэй эш үзүүлэгчтэй унтаж, тэр жирэмсэлж, хүү төрүүлэв. ЭЗЭН надад
—Түүнийг “Махер-шалал-хаш-баз” гэж нэрлэ. 4 Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв. 5 ЭЗЭН надтай дахин ярьж,

6 Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыгc үл тоомсорлон,
Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.
7 Ийм учраас одоо үзэгтүн!
Эзэн Евфратын хүчит их усыг буюу Ассирийн хааныг,
Бас агуу алдар хүндийг нь хүртэл тэдний дээр авчрах гэж байна.
Тэр бүх суваг хоолой дээгүүр нь халин бүх эрэг дээгүүр нь үерлэнэ.
8 Дараа нь тэр Иудагаар дайран үерлэж, хүзүү хоолойд нь тулна.
Дэлгэсэн жигүүр нь чиний нутгийг дүүргэнэ. Иммануел ээ! гэв.

9 Ард түмнүүд ээ, эвдрэлцэгтүн, тарж бутар!
Алс холын газрынхан та бүгд чих тавь.
Зэвсгээ агсацгаа, тарж бутар.
Зэвсгээ агсацгаа, тарж бутар.
10 Төлөвлөгөө сэдэх боловч тэр нь үл бүтнэ.
Санал тавивч тэр нь үл тэснэ.
Учир нь Бурхан бидэнтэй хамт байна.

11 Иймээс ЭЗЭНий мутар миний дээр байх үед Тэрээр надад энэ ард түмний замаар явахгүй байхыг сануулж хэлэхдээ,
12 Энэ ард түмний хуйвалдаан гэж үзэж байгаа бүхнийг
Хуйвалдаан гэж хэлж болохгүй.
Тэдний айж байгаа юмнаас бүү ай, бүү сүрд.*
13 Та нарын ариун хэмээн үзэх ёстой Нэгэн бол
Түг түмдийн ЭЗЭН юм.
Тэр та нарын эмээхүй мөн
Түүнээс л та нар сүрд.
14 Дараа нь Тэр ариун газар болно.
Гэхдээ Израилын хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлгийн хад,
Йерусалимын оршин суугчдад урхи ба занга болно.*
15 Олон хүн үүнд бүдэрнэ.
Тэгээд тэд унаж, хэмхэрнэ.
Түүгээр ч барахгүй тэд
Урхинд орж баригдана гэв.

Исаиагийн шавь нар

16 Гэрчлэлийг боож, шавь нарын минь дунд хуулийг битүүмжлэгтүн. 17 Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна.* 18 ЭЗЭНий надад өгсөн хүүхдүүдийг болон намайг харагтун. Бид бол Сион уулан дээр оршигч, түг түмдийн ЭЗЭНээс Израилд өгсөн тэмдэг, гайхамшгууд мөн.*
19 Хүмүүс та нарт “Шивтнэн чалчдаг сүнс дуудагчид ба шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлнэ. Ард түмэн өөрсдийнхөө Бурханаасd асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн төлөө үхэгсдээс асууна гэж үү? 20 Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ. 21 Тэд газар сайгүй хэрэн тэнэж, дарамтлагдан өлсөж, өлсөхөөрөө уурлаж, дээш хараад, хаанаа болон Бурханаа хараана. 22 Дараа нь тэд газар луу харахад зовлон шаналан, харанхуй, уйтгар гунигийн сүүдэр үзэгдэнэ. Тэд харанхуй руу хөөгдөнө.


  • a8:1 эсвэл том үсгээр эсвэл хүн бүр уншиж болохуйц том үсгээр
  • b8:1 “Түргэн дээрэм, хурдан олз” гэсэн утгатай.
  • c8:6 Шилоахын ус: Йерусалимын зүүн талд байсан том булгаас эх авсан горхи.
  • 8:12–13 1Пт 3:14–15
  • 8:14–15 1Пт 2:8
  • 8:17 Евр 2:13
  • 8:18 Евр 2:13
  • d8:19 эсвэл бурхдаасаа