Йерусалимыг Сеннахериб заналхийлсэн нь

36 1 Хезекиа хааны арван дөрөвдүгээр онд Ассирийн хаан Сеннахериб, Иудагийн бүх бэхлэгдсэн хотыг довтлон ирж эзлэн авав.
2 Ассирийн хаан, Лахишаас Йерусалимд Хезекиа хаан руу Рабшакег их цэргийн хамт илгээв. Тэрээр угаагчийн талбайн зам дээр байдаг дээд цөөрмийн ус түгээгүүрийн хоолойн ойролцоо зогслоо. 3 Тэгэхэд Хилкиагийн хүү өргөөний даамал Елиаким, гүүш Шебна, Асафын хүү хэрэг хөтлөгч Иоа нар түүн дээр гарч очив. 4 Рабшаке тэдэнд
—Хезекиад ингэж хэл. “Агуу хаан болох Ассирийн хаан ийнхүү айлдаж байна. Чи юунд найдна вэ? 5 Чи хоосон үгсийг дайтах зөвлөгөө болон хүч гэж бодоо юу? Эдүгээ чи хэнд найдаж миний эсрэг тэрсэлнэ вэ? 6 Харагтун, чи энэ цуурсан хулсан таяг шиг Египетэд найдаж байна. Хүн ийм таягийг тулбал алгыг нь тэр шааж, цоо хатгана. Египетийн хаан Фараон өөрт нь түшиглэгч бүгдийг ингэдэг юм.* 7 Та нар надад «Бид ЭЗЭН Бурхандаа найддаг» гэж хэлэх нь үү! Тэгвэл Түүний тахилын ширээнүүд болон мөргөлийн өндөрлөгүүдийг Хезекиа зайлуулаад «Та нар энэ л тахилын ширээний өмнө мөргөгтүн» гэж Иуда, Йерусалимд хэлж байсан биз дээ?” гэлээ.
8 Тиймээс одоо ирж миний эзэн Ассирийн хаантай мөрий тавь! Хэрэв чамд унах хүн байвал би чамд хоёр мянган агт өгье. 9 Чи тэрэг ба морьт цэргийн талаар Египетэд найдаж байгаа бол миний эзний боолуудын дундаас хамгийн дорд захирагчийг ч няцааж чадахгүй. 10 Тэрээр “ЭЗЭНий зөвшөөрөлгүйгээр энэ газрыг устгахаар би довтлох байсан гэж үү? ЭЗЭН надад «Энэ газрын эсрэг явж, түүнийг устга» гэж айлдсан” гэж хэлүүлэв гэв. 11 Тэгэхэд Елиаким, Шебна, Иоа нар Рабшакед гэв
—Эдүгээ та боолуудтайгаа арамаар яригтун! Бид ойлгоно. Харин хэрэм дээр байгаа хүмүүст сонсогдохоор иудей хэлээр бидэнтэй бүү яригтун гэв. 12 Харин Рабшаке
—Эзэн минь эдгээр үгийг зөвхөн танай эзэн хийгээд та нарт л хэлүүлэх гэж намайг явуулсан гэж үү? Та нартай хамт баасаа идэж, шээсээ уух тавилантай, хэрмэн дээр сууж байгаа тэр хүмүүс рүү бас илгээсэн бус уу? гэв. 13 Тэгээд Рабшаке босож зогсоод иудей хэлээр, чанга дуугаар хашхиран
—Агуу хаан болох Ассирийн хааны үгсийг сонсогтун! 14 Хаан ийн хэлж байна. “Хезекиад бүү мэхлэгд. Тэр та нарыг миний гараас аварч чадахгүй. 15 Түүнчлэн «ЭЗЭН биднийг заавал аварна. Энэ хотыг Ассирийн хааны гарт өгөхгүй» гээд та нарыг ЭЗЭНд найдуулах гэж буй Хезекиагийн ятгалгад бүү ор. 16 Хезекиаг бүү сонс. Учир нь Ассирийн хаан ингэж хэлж байна. «Надтай энхийн гэрээ байгуулж, над руу гарч ирэгтүн. Тэгвэл танай хүн нэг бүр өөрийн усан үзэм, инжрийн модны жимсийг идэж, өөрийн нөөцлүүрийн уснаас ууцгаана. 17 Дараа би ирж, та нарыг танай төрөлх нутагтай адил үр тариа, шинэ дарс, талх, усан үзмийн тариалангийн нутагт аваачих хүртэл ийн байгтун» гэсэн. 18 Хезекиа та нарыг «ЭЗЭН биднийг аварна» гэж төөрөлдүүлэхийг бүү зөвшөөр! Улс үндэстнүүдийн бурхдын дотроос Ассирийн хааны гараас газар нутгаа аварсан ямар нэгэн бурхан байна уу? 19 Хамат, Арпадын бурхад хаана байна вэ? Сефарваимын бурхад хаана байна? Тэд Самарийг миний гараас аварсан уу? 20 Эдгээр газруудын бүх бурхны дотроос хэн нь гараас минь газар нутгаа аварсан юм бэ? Тийм байтал ЭЗЭН гараас минь Йерусалимыг аварна гэж үү?” гэв.
21 Гэвч тэд чимээгүй байж, түүнд нэг ч үг хариулсангүй. Учир нь хаан “Түүнд бүү хариулагтун” гэж тушаасан байлаа. 22 Тэгээд Хилкиагийн хүү, өргөөний даамал Елиаким, гүүш Шебна, хэрэг хөтлөгч Асафын хүү Иоа нар уранхай хувцастай чигээрээ Хезекиа руу ирж, Рабшакегийн үгийг түүнд айлтгав.


  • 36:6 Езк 29:6–7