Сонгогдсон Израил
44 1 Харин одоо, Миний зарц Иаков аа,
Миний сонгосон Израил аа, сонсогтун.
2 Чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс үүсгэсэн
Чамд туслах ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Бүү ай, Миний зарц Иаков аа,
Миний сонгосон Иешурун аа!
3 Учир нь Би ангамал газар дээр ус асгаж,
Хуурай газар горхи урсгана.
Би үр удам дээр чинь Сүнсээ асгаж,
Хойч үед чинь ерөөлөө өгнө.
4 Тэд усны урсгалын дагуух
Улиангар мод мэт өвсөн дунд соёолно.
5 Нэг нь “Би ЭЗЭНийх” гэнэ.
Нөгөө нь Иаковын нэрээр дуудагдаж,
Өөр нэг нь гар дээрээ “ЭЗЭНийх” гэж бичин
Израилын нэрээр овоглоно.
6 ЭЗЭН, Израилын Хаан, түүний Золигч,
Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Би эхэн бас Би эцэс.
Надаас өөр Бурхан байхгүй.*
7 Хэн Над шиг юм бэ?
Хэн нэгэн байвал хэлэгтүн
Эртний хүмүүсийг Би үүсгэснээс хойш
Юу болж байсныг тоочиг
Надад дэс дараагаар нь хэлэг.
Алс ирээдүйг, юу айсуйг тэдэнд зарлаг.
8 Бүү түгш, Бүү ай.
Би эртнээс чамд үүнийг сонсгож, тунхагласан биш үү?
Та нар гэрчүүд минь юм.
Надаас өөр Бурхан байна уу?
Өөр Хад гэж байхгүй,
Өөр байхгүй, Би мэдэж байна.”
Шүтээнд мөргөхүйн төөрөгдөл
9 Сийлмэл хөргүүд үйлдэгсэд бүгд юу ч биш бөгөөд эрхэмлэдэг зүйлс нь ямар ч ашиггүй. Тэдний гэрч нар хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно. 10 Юунд ч ашиггүй бурхан, цутгамал хөргийг хэн үйлдсэн бэ? 11 Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь ч мөн хүмүүн билээ. Тэд бүгд цугларч ирээд, зогсог. Тэд түгшиж, цөмөөрөө ичих болно.
12 Төмрийн дархан багаж зэвсгээрээ цогшсон нүүрсэн дээр бүтээлээ хийж, шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирдан, уух усгүй бол ядарна. 13 Мужаан модон дээр шугам татаж, зоруулаар дагуулан тэмдэглээд дараа нь зүсэгчээр өөлж, гортигоор дугуйлж тэмдэглэн сайхан төрхтэй хүний дүрсийг хийгээд гэртээ байрлуулдаг. 14 Тэрээр хуш модыг тайрч, нарс, царс модыг ойгоос сонгож авдаг. Тэрээр гацуур тарьж, бороо түүнийг нь ургуулдаг. 15 Тэгээд хүний түлш болно. Хүн тэрнээс нь авч өөрийгөө дулаацуулж, талхаа жигнэхийн тулд гал өрддөг. Тэр бас бурхан хийж, түүндээ мөргөдөг. Бас сийлмэл хөрөг үйлдэж, өмнө нь сунаж унадаг. 16 Хагасаар нь тэр гал түлж, хагасаар нь мах шараад, цадталаа иддэг. Мөн тэр дулаацаад, “Би дулаацлаа. Би гал үзлээ” гэдэг. 17 Харин үлдэгдлээр нь тэрээр бурхан, сийлмэл хийгээд өмнө нь сунаж унадаг аж. Бас түүндээ залбиран “Та миний бурхан учир намайг авраач” гэж хэлдэг. 18 Тэднийг харахгүй байлгахаар нүдийг нь, ойлгохгүй байлгахаар зүрхийг нь Тэрээр хаасан тул тэд үл мэднэ, эс ойлгоно. 19 Үүнийг дотроо эргэцүүлдэггүй тул “Би үүний хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барилаа, мах шарж идлээ. Үлдсэнээр нь би бузар юм хийх үү? Энэ модны тайрдасны өмнө сунаж унах хэрэг үү?” гэж хэлэх мэдлэг, ухаан тэдэнд байхгүй. 20 Тэр үнсээр тэжээгдэнэ. Хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлдэг учир тэрээр сэтгэлээ чөлөөлөөд, “Баруун гарт минь худал юм байгаа бус уу?” гэж хэлж үл чадна.
Израил мартагдахгүй
21 “Иаков оо, эдгээрийг санаж яв.
Яагаад гэвэл Израил аа, чи Миний зарц
Би чамайг бүтээсэн.
Чи Миний зарц.
Израил аа, Би чамайг мартахгүй.
22 Гэмт үйлдлийг чинь өтгөн үүл мэт,
Нүглийг чинь үүл мэт Би арчин хаяв.
Би чамайг зольж авсан учир
Над руу эргэгтүн.”
23 ЭЗЭН үүнийг хийсэн учир
Баярлан хашхирагтун, тэнгэрс ээ.
Чангаар хашхирагтун, газрын гүн ээ.
Уулс, ой болон бүхий л модод оо
Баярлан дуулцгаа.
Учир нь ЭЗЭН Иаковыг зольж авсан бөгөөд
Израил дотор алдаршина.
24 Чамайг эхийн хэвлийд бий болгосон,
Чиний Золигч, ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Би бүхнийг бүтээгч ЭЗЭН.
Би тэнгэрийг сунгаж,
Дэлхийг ганцаараа дэлгэсэн.
25 Би хуурамч эш үзүүлэгчдийн тэмдгийг хэрэгсэхгүй,
Мэргэ төлгөчдийг мунхаг болгож,
Мэргэдийн ухааныг эргүүлж,
Мэдлэгийг нь мунхаглал болгодог.*
26 Би зарц нарынхаа үгийг баталж,
Элч нарынхаа зорилгыг гүйцэтгэдэг.
Би Йерусалимд «Чи оршин суугчидтай болно»,
Иудагийн хотуудад «Та нарыг босгох бөгөөд
Нуранги балгасуудыг Би дахин босгоно» гэж хэлдэг.
27 Би тэнгисийн гүнд
«Хат, Би урсгалуудыг чинь ширгээнэ» гэсэн.
28 Би Корешт
«Миний хоньчин, бүх хүслийг минь гүйцэтгэнэ» гээд,
Йерусалимд «Чи босгогдоно»,
Сүмд «Суурь чинь тавигдана» гэж айлдсан.”*
- 44:6 Иса 48:12; Илч 1:17, 22:13
- 44:25 1Ко 1:20
- 44:28 2Шс 36:23; Езр 1:2