Йерусалимын сүйрлийг анхааруулав
22 1 Үзэгдлийн хөндийн тухай зөн.
Эдүгээ та нарт юу тохиолдоод,
Та нар бүгдээрээ байшингийн орой дээр гараа вэ?
2 Их шуугиан, хөл үймээн ихтэй, цэнгэлт хот оо.
Чиний алагдсан хүмүүс
Илдэнд алагдсангүй, тулаанд үрэгдсэнгүй.
3 Чиний бүх захирагч хамтдаа зугтаавч,
Нум сумгүйгээр олзлогдов.
Хол зугтсан боловч баригдсан,
Хамтдаа та нар олзлогдсон.
4 Ийм учраас би
“Харцаа надаас холдуул.
Би гашуудан уйлъя.
Ард түмэн минь гэдэг охины сүйрлийн талаар
Намайг тайвшруулах гэж бүү оролд” гэсэн.
5 Үзэгдлийн хөндийд болох
Үймээн самуун, сүйрэл түйвээний өдөр
Түг түмдийн БУРХАН Эзэнд бий тул
Хэрэм нурж, хашхираан уулсад нүргэлнэ.
6 Тэрэгнүүд ба морьтнуудын хамт
Елам саадгаа авч,
Кир бамбайгаа ил гаргав.
7 Шилмэл хөндийнүүд чинь тэргээр дүүрч,
Морьтнууд үүд хаалган дээр жагсжээ.
8 Тэр Иудагийн халхавчийг зайлуулсан.
Тэр өдөр чи Ойт ордон дахь зэвсгээ харсан.
9 Давидын хотын цөмөрхий тоймгүй байгааг харж,
Та нар доод цөөрмийн усыг хураажээ.
10 Та нар бас Йерусалимын байшинг тоолж,
Хэрмийг бэхлэхийн тулд байшингуудыг нураажээ.
11 Хуучин цөөрмийн усанд зориулан
Хоёр хэрмийн хооронд усан сан барьсан ч,
Үүнийг хийсэн Нэгэнийг та нар үл ажиж
Өнө эрт үүнийг төлөвлөсөн Нэгэнийг эс анхаарчээ.
12 Тэр өдөр түг түмдийн БУРХАН Эзэн маань
“Та нар таар нөмрөн үсээ хусаж, гашуудан уйл” гэж дуудсан боловч
13 Харин та нар зугаа цэнгэл, баяр хөөр болж,
Үхэр нядалж, хонь алж,
Мах идэж, дарс ууж,
“Маргааш үхэх юм чинь идэж, ууцгаая!” гэцгээсэн.*
14 Тиймээс түг түмдийн ЭЗЭН Өөрийгөө чихэнд минь илчлээд
“Та нарыг үхтэл энэ хилэнц үнэхээр уучлагдахгүй” гэж
Түг түмдийн БУРХАН Эзэн айлдав.
Хувиа бодогч түшмэдийн шийтгэл
15 Түг түмдийн БУРХАН Эзэн ийнхүү айлдав. “Бос, ордны даамал болох нярав Шебна руу очигтун. 16 «Чи энд юу хийж байгаа юм бэ? Энд өөртөө булш цавчиж, өндөрлөг дээр өөртөө бунхан цавчиж, хадан дотор өөртөө зориулан амрах газар сийлэх эрх чамд хэн өгсөн бэ? 17 Үзэгтүн, хүн чамайг ЭЗЭН хол чулуудах гэж байна. Тэр чамайг чанга базна. 18 Чамайг бөмбөг шиг чанга эргүүлэн өргөн уудам газар луу шиднэ. Тэнд чи үхнэ. Тэнд чиний тансаг тэрэг үлдэж, чи эзнийхээ гэрийн ичгүүр болно. 19 Би чамайг албанаас чинь буулгана. Чамайг байр сууриас чинь доош татна. 20 Тэр өдөр Би Хилкиагийн хүү, зарц Елиакимаа дуудна. 21 Би түүнийг чиний дээлээр хувцаслаж, чиний бүсээр бүслэн чиний эрх мэдлийг түүний гарт хариуцуулна. Тэрээр Йерусалимын оршин суугчид, Иудагийн гэрийн эцэг болно. 22 Би мөрөн дээр нь Давидын гэрийн түлхүүрийг тавина. Түүнийг нээхэд хэн ч үл хаана, түүнийг хаахад хэн ч эс нээнэ.* 23 Би түүнийг хатуу газарт гадас шиг шаана. Эцгийнхээ гэрт тэр алдрын сэнтий болно» гэж хэл.
24 Эцгийнх нь бүх алдар хүнд түүн дээр өлгөгдөнө, үр хойч буюу аяганаас ваар сав хүртэлх жижиг сажиг сав нь ч бүгдээрээ түүний дээр өлгөгдөнө. 25 Түг түмдийн ЭЗЭНий тунхагласан ёсоор хатуу газарт хадсан гадсыг зайлуулах өдөр ирнэ. Тэр хугарч унахад дээр нь өлгөгдсөн ачаа ч тасарна” гэж ЭЗЭН айлдсан билээ.
- 22:13 1Ко 15:32
- 22:22 Илч 3:7