Бялхам аминд урихуй

55 1 “Цангасан бүгд ээ, ус руу ирэгтүн.
Мөнгөгүй нь ч ирж, худалдан авч, идэгтүн.
Ирж, мөнгөгүй, үнэгүйгээр
Дарс, сүү худалдан авагтун.*
2 Хоол болохгүй юманд юунд мөнгө зарцуулна вэ?
Цатгахгүй юмны төлөө юунд хүч хөдөлмөр зарна вэ?
Намайг анхааралтай сонсож, сайныг нь ид,
Өөх тосоор өөрийгөө баясга.
3 Чихээ нээгээд Над руу ир!
Сүнс чинь амьд байхын тулд сонсогтун.
Давидын төлөөх үнэнч хайр энэрлийн ёсоор
Би та нартай мөнхийн гэрээ байгуулна.*
4 Үзэгтүн, Би түүнийг үндэстнүүдэд гэрч,
Үндэстнүүдэд удирдагч ба жанжин болгов.
5 Тэр чамайг алдаршуулсан тул,
Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН,
Израилын Ариун Нэгэнээс болж
Чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудна.
Чамайг танихгүй үндэстнүүд чам руу гүйнэ.”

6 Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун.
Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун.
7 Хорон муу нь замаа,
Буруу нэг нь бодол санаануудаа орхиг.
Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг,
Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг.
8 “Учир нь Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш.
Миний зам ч та нарын замаас өөр” гэж
ЭЗЭН айлдаж байна.
9 Тэнгэрс газраас өндөр байдаг шиг
Зам минь та нарын замаас өөр,
Бодол минь та нарын бодлоос өндөр.

10 Бороо цас тэнгэрээс буухдаа
Газрыг услалгүйгээр буцдаггүй.
Харин газраас соёо гарган цэцэглүүлж,
Тариачинд үрийг, идэгчид хүнсийг хангадаг.*
11 Үүн шиг амнаас минь гарсан Миний үг
Над руу хоосон буцаж ирэхгүй,
Харин юу хүссэнийг минь хэрэгжүүлж,
Юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ.

12 “Учир нь чи баяртайгаар гарч явж,
Амар тайвнаар хөтлүүлнэ.
Уул толгод чиний өмнө баярлан уухайлж,
Талын бүх мод алга ташицгаана.
13 Өргөст бутны оронд майлс,
Халгайн оронд лишмядаг ургана.
Энэ бол ЭЗЭНд нэр хүнд,
Үл устах мөнхийн тэмдэг болно.”


  • 55:1 Илч 21:6, 22:17
  • 55:3 Үйл 13:34
  • 55:10 2Ко 9:1056