Вавилон, Едом, Арабын талаар зөгнөв

21 1 Тэнгис хавийн зэлүүд газрын тухай зөн.

Өмнөдийн нутгаар дайран өнгөрөх хуй салхи шиг,
Цөлөөс аймшигт газраас тэр ирнэ.
2 Надад аймшигт үзэгдэл үзэгдэв.
“Урвагч нь урвасаар,
Сүйтгэгч нь сүйтгэсээр байна.
Елам аа, давш!
Меде ээ, бүслэгтүн!
Түүний учруулсан бүх шаналал зовлонг
Би эцэслүүлнэ” гэж байв.
3 Үүнээс болж ууц минь бүхэлдээ өвдөн
Төрөх өвдөлт мэт хүчтэй өвчинд би баригдав.
Би бөгтийснөөсөө болж сонсож эс чадав,
Айснаасаа болж харж үл чадав.
4 Зүрх минь чичрэн айдас намайг эзлээд
Хүсэн тэмүүлсэн бүрэнхий минь
Аймшиг болон хувирав.
5 Тэд ширээ засаж, бүтээлэг дэлгээд, идэж ууна.
“Жанжид аа, босогтун.
Бамбайнуудаа тослогтун” гэж байв.
6 Тиймээс Эзэн надад айлдан,
“Яв. Манаач тавь. Тэр юу үзсэнээ илтгэг.
7 Тэр морьтнууд, тэрэгтнүүд,
Илжиг ба тэмээн цувааг хармагцаа
Маш анхааралтай, сонор сэрэмжтэй байг” гэв.
8 Тэгтэл манаач хашхирав.
“Өө, Эзэн, би өдрөөр үргэлж харуулын цамхаг дээр зогсож байна.
Шөнө бүр би манааны байрандаа байрлаж байна.
9 Хараач, тэрэг, морьтой хүн хосоороо айсуй” гэв.
Нэг нь “Вавилон унав, унав.
Бурхдынх нь бүх хөрөг газар сайгүй хэвтэнэ” гэв.*
10 Үтрэмд цохиулж, шигшүүлсэн ард түмэн минь!
Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭНээс
Юу сонссоноо би та нарт мэдүүлж байна.

11 Едомын тухай зөн.
Сеирээс нэгэн хүн намайг дуудсаар
“Манаач аа, шөнө хэр өнгөрөв?
Манаач аа, шөнө хэр өнгөрөв?” гэв.
12 Манаач хариулж
“Өглөө болж байна, гэвч шөнө болно.
Та нар асуумаар бол асуу л даа.
Дахин буцаж ир” гэв.

13 Арабын тухай зөн.

Деданчуудын жинчид ээ!
Та нар Арабын шигүү ойд хоногло.
14 Темагийн нутгийн оршин суугчид аа,
Цангасанд нь ус авчирч,
Оргодлуудыг талхтай угтагтун!
15 Учир нь тэд илднээс, далайсан илднээс,
Татсан нумаас, дайны дарамтаас зугтсан юм.

16 Эзэн үүнийг надад айлдав. “Хөлсний хүний жилүүд мэт, нэг жилийн дотор Кедарын бүх сүр жавхлан үгүй болно. 17 Кедарын хөвгүүдийн хүчит эрсээс цөөхөн хүн үлдэнэ гэдгийг Израилын Бурхан ЭЗЭН айлдаж байна” гэв.


  • 21:9 Илч 14:8, 18:2