Хезекиа өвдөв

38 1 Тэр өдрүүдэд Хезекиа үхлүүт өвчтэй болов. Амозын хүү эш үзүүлэгч Исаиа түүн дээр ирээд,
—ЭЗЭН айлдахдаа “Гэрээ засагтун. Учир нь чи амьд үлдэхгүй, үхнэ” гэсэн гэв. 2 Тэгэхэд Хезекиа нүүрээ хана руу эргүүлэн ЭЗЭНд залбирч
3 Аяа ЭЗЭН, би Танаас гуйя. Би Таны өмнө хэрхэн үнэнээр болон бүхий л зүрхээрээ явж, Таны мэлмийд сайныг үйлдэж байсныг одоо санаач гэж хэлээд цурхиран уйлав. 4 Тэгэхэд ЭЗЭНий үг Исаиад ирж,
5 Явж, Хезекиад “Чиний өвөг эцэг Давидын Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. «Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чиний өдрүүд дээр арван таван жилийг нэмнэ. 6 Би чамайг болон энэ хотыг Ассирийн хааны гараас аварна. Би энэ хотыг хамгаална»” хэмээн хэл! 7 ЭЗЭН амласнаа биелүүлнэ. ЭЗЭН энэ тэмдгийг чамд үзүүлнэ. 8 Үзэгтүн, Би Ахазын шатан дээгүүр өнгөрсөн нарны сүүдрийг арван алхмаарa ухраана гэв. Тэгээд шатан дээгүүр өнгөрсөн нар арван алхмаар ухарчээ.
9 Иудагийн хаан Хезекиа өвчлөөд илаарьшсаныхаа дараа ийнхүү бичжээ.

10 “Амьдралынхаа дунд үед би
Үхэгсдийн орны үүд хаалгаар орж,
Он жилүүдийнхээ үлдэгдлийг
Алдах ёстой боллоо” гэж хэлсэн.
11 “Би амьдын газарт ЭЗЭНийг,
ЭЗЭНийг харахгүй.
Би ертөнцийн оршин суугчдын дунд
Хүмүүнийг дахин харахгүй” гэж хэлсэн.
12 Оромж минь хоньчны майхан мэт
Надаас хураагдаж,
Нэхмэлчин шиг би амьдралаа хуйлав.
Нэхмэлийн сууриас Тэр намайг тастав.
Өдөр шөнөгүй Та намайг дуусгах гэсэн.
13 Өглөө болтол би тэвчивч,
Бүх ясыг минь Тэрээр арслан мэт хэмхчинэ.
Өдөр шөнөгүй Та намайг дуусгах гэсэн.

14 Би хараацай мэт, тогоруу мэт орилон
Тагтаа мэт гүнгэнэж,
Эцсэн нүд минь өөдөө ширтсэн
“Эзэн, би шаналж байна.
Хамгаалалт минь байгаач” гэсэн.
15 Тэрээр надад айлдан
Өөрөө үүнийгээ үйлдсэн болохоор
Би юу хэлэхсэн билээ?
Сэтгэлийнхээ гашуудлаас болж
Би бүх он жилүүддээ даруу явна.

16 Эзэн минь,
Хүмүүс эдгээрээр амьдарна.
Энэ бүхэнд сүнс минь бий.
Та намайг эдгээж, амьдруулна.b
17 Үзэгтүн, сайны төлөө би
Гашуунаас гашуунаар зовсон.
Амийг минь сүйрлийн нүхнээс
Та хамгаалсан.
Гэм нүгэл бүрийг минь
Та нурууныхаа араар хаясан.
18 Үхэгсдийн орон Танд талархаж чадахгүй,
Үхэл Таныг магтаж чадахгүй.
Нүхэнд орогчид нь Таны итгэмжит байдалд найдахгүй.
19 Харин өнөөдрийн над шиг л
Амьд буй нь Танд талархал өргөнө.
Эцэг нь хөвгүүддээ итгэмжит чанарыг тань заана.

20 ЭЗЭН намайг заавал аварна.
Тэгээд амьдралынхаа бүх өдрүүдэд
ЭЗЭНий өргөөнд бид чавхдаст хөгжмөөр тоглоно.

21 Тэгэхэд Исаиа
—Зүсэм инжир авч буглаат хатгин дээр нь наавал тэр эдгэнэ гэж хэлсэн бөгөөд 22 Хезекиа
—Би ЭЗЭНий өргөөнд очно гэсэн ямар тэмдэг байх вэ? гэж байсан аж.c


  • a38:8 эсвэл наран цагийг арван шатаар (1Хаад 20:9–11 үз.)
  • b38:16 Эх бичвэрийн энэ хэсэг тодорхой бус.
  • c38:21–22 Эдгээр эшлэлд гарч буй үйл явдал 8-р эшлэлийн ард хамаарна.