Чөлөөлөлтийн тухай эш үзүүллэг
33 1 Сүйтгэгдээгүй атлаа сүйтгэдэг,
Дээрэмдүүлээгүй атлаа дээрэмддэг хүмүүс хөөрхий еэ!
Бусдыг сүйтгэхээ болиход чинь
Та нарыг өөрсдийг чинь сүйтгэнэ.
Бусдыг дээрэмдэхээ зогсооход чинь
Та нарыг өөрсдийг чинь дээрэмдэнэ.
2 Аяа ЭЗЭН,
Биднийг нигүүлсээч!
Бид Таныг хүлээнэ.
Өглөө бүр Та хүч маань болж,
Зовлон шаналангийн цагт
Та аврал минь байгаач!
3 Аянгын дуунаар хүмүүс зугтаж,
Таныг босоход үндэстнүүд бутарна.
4 Та нар олзыг царцаа шиг цуглуулна.
Тэр олзон дээр дэвхрэг шиг овооролдоно.
5 ЭЗЭН өндөрт орших учир өргөмжлөгдөнө.
Тэр Сионыг шударга ёс, үнэн зөвөөр бялхаана.
6 Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд
Мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн.
ЭЗЭНээс эмээхүй нь Сионы эрдэнийн сан билээ.
7 Үзэгтүн, зоригтнууд нь гадаа уйлалдаж,
Энхийн элч нар нь гашуудан цурхирна.
8 Их замууд хоосрон,
Аялагчид алга болов.
Гэрээг зөрчиж, хотуудыг сүйтгэн
Хүн гэдэг үл ойшоогдох болжээ.
9 Газар гашуудаж хатав.
Ливан ичиж гандав.
Шарон эзгүй тал мэт болов.
Башан хийгээд Кармел ч навчаа гөвөв.
10 “Одоо Би босно” гэж
ЭЗЭН айлдаж байна.
“Одоо Би өргөмжлөгдөнө.
Одоо Би өргөгдөнө.
11 Та нар өвсөөр хөл хүнд болж, сүрэл төрүүлнэ.
Амьсгал чинь та нарыг гал мэт шатаана.
12 Ард түмнүүд нь шохой мэт шатна.
Тастуулсан сундуу мэт галд шатна.
13 Холынхон та нар, юу хийснийг минь сонсож,
Ойрынхон та нар, хүчийг минь мэдэгтүн” гэв.
14 Сион дахь нүгэлтнүүд айж,
Сүсэг бишрэлгүйчүүд чичирч,
“Хэн маань түймэрдэгч галын дотор сууж чадах вэ?
Хэн маань мөнхөд шатсаар амьдарч чадах вэ?” гэнэ.
15 Зөв шударгаар явж, чигч шударгыг өгүүлж,
Шударга бус олзыг жигшиж,
Хахууль авахаас гараа татаж
Цус урсгах талаар сонсохгүйн тулд чихээ бөглөн
Мууг үзэхгүйн тулд нүдээ анигч нь
16 Өндөрт заларна,
Түүний хоргодох газар нь
Хадан бэхлэлт байх болно.
Хоол хүнсээр тэр хангагдана.
Ус уушаар элбэг байна.
Аугаа Хааны газар нутаг
17 Хааны жавхааг чи нүдээр үзэж,
Тэд алс холын газрыг харна.
18 Зүрх чинь “Тооллого хийгч хаана байна?
Татвар хураагч хаа байна?
Цамхаг хянагч хаа байна?” гэж
Аюулыг тунгаан бодно.
19 Хэн ч ойлгохгүй бэрх яриатай,
Хэн ч үл ойлгох харь хэлтэй
Догшин хүмүүсийг дахиж чи харахгүй.
20 Манай баяр наадмын хот
Сионыг харагтун!
Гадаснууд нь хэзээ ч сугарахгүй,
Нэг ч аргамж нь тасрахгүй,
Эвхэгдэхгүй майхан, амар тайвны орон
Йерусалимыг чи нүдээр үзнэ.
21 Тэнд цог жавхлант Нэгэн,
ЭЗЭН, бидэнтэй хамт байх болно.
Өргөн гол, их сувгийн урсгал мэт болно.
Сэлүүрт завь хийгээд усан онгоц түүгээр өнгөрөхгүй.a
22 Учир нь ЭЗЭН бол шүүгч маань,
ЭЗЭН бол хууль тогтоогч минь,
ЭЗЭН бол хаан маань юм.
Тэр л биднийг аварна.
23 Аргамж чинь тайлагдаж,
Шургийн суурь нь уягдаагүй атлаа,
Дарвуулаа та нар дэлгээгүй мөртлөө
Тансаг их олз омог дунд чинь хуваагдаж,
Доголон хүн ч хувь хүртэнэ.
24 “Би өвчтэй байна” гэж
Нэг ч оршин суугч эс өгүүлнэ.
Тэнд амьдарч байгаа хүмүүсийн
Хилэнц нүгэл уучлагдах болно.
- a33:21 Эх бичвэртээ 21-р эшлэл тодорхой бус.