Египетийг түшээд нэмэргүй

30 1 “Хөөрхий еэ, нүгэл дээр нүгэл нэмэхийн тулд
Надгүйгээр төлөвлөгөө зохиож,
Сүнсний минь оролцоогүйгээр эвсэл байгуулагч,
Дуулгаваргүй хөвгүүд” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
2 Тэд Надаас асуулгүйгээр
Фараоны хамгаалалтад хоргодохоор
Египетийн сүүдэрт орогнох газар хайн Египет рүү явсан.
3 Гэвч Фараоны хамгаалалт та нарт ичгүүр,
Египетийн сүүдэрт орогнох нь гутамшиг болно.
4 Ноёд нь Зоанд очиж,
Элчингүүд нь Ханест хүрсэн ч,
5 Өөрсдөд чинь тусламж бус, ичгүүр зэмлэл болох,
Ийм ашиггүй ард түмнээс хүн бүр чинь ичих болно.

6 Негевийн араатнуудын тухай зөн.

Эрслэн ба арслан, нисдэг галт могой гарч ирдэг
Айдас, зовлон шаналангийн газраар дамжиж,
Баялгаа илжигний нуруунд тохоод,
Эрдэнэсээ тэмээний хомд ачаад
Өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс руу
Тэд зөөж байна.
7 Египетийн тусламж дэмжлэг гэдэг хоосон.
Тиймээс Би түүнийг
“Юунд ч нэмэргүй Рахааб” гэж нэрлэсэн.

Тэрслүү ард түмэн

8 Одоо чи явж, олны өмнө үүнийг
Хавтан дээр бич, номд тэмдэглэж,
Хожмын өдрүүдэд үүнийг үүрдийн гэрч болго.
9 Учир нь тэд тэрслүү ард түмэн,
Худалч хөвгүүд бөгөөд
ЭЗЭНий хуулийг сонсохыг хүсдэггүй хүүхдүүд юм.
10 Тэд үзмэрчдэд “Үзэгдэл бүү үз” гэдэг.
Эш үзүүлэгчдэд “Зөвийг бүү эш үзүүл!
Зөвхөн бидэнд тааламжит үгийг ярь,
Зүгээр аятайхан юмаар эш үзүүл!
11 Замаа орхиж, жимээсээ гар!
Израилын Ариун Нэгэний тухай
Цаашид бидэнд бүү сонсго!” гэдэг.
12 Ийм учраас Израилын Ариун Нэгэн
Ийнхүү айлдаж байна.
“Та нар энэ үгийг үл тоож,
Дарлалд найдаж, заль мэхэнд түшиглэсэн учраас,
13 Энэхүү хилэнц нүгэл чинь та нарт
Эгшин зуурт сүйрэхэд бэлэн
Өндөр хананы овойчихсон цуурал шиг байна.
14 Басхүү хайр найргүй бутлагдсан,
Ваарчны савны хагархай мэт байх агаад,
Зуухнаас гал авч, усны савнаас ус утгах хэлтэрхий ч
Үлдэгдлээс нь эс олдоно” гэв.

15 Израилын Ариун Нэгэн, Эзэн БУРХАН айлдахдаа
“Гэмшил ба тайвшрал дунд
Та нар аврагдах болно.
Итгэж найдан, намуухан байх нь
Та нарын хүч мөн” гэсэн.
Гэвч та нар хүсээгүй.
16 “Үгүй, бид мориор зугтана” гэсэн.
Тиймээс та нар зугтана.
“Бид хурдан хүлгээр давхина” гэсэн.
Тиймээс та нарыг мөрдөгчид нь хурдан байх болно.
17 Гэвч та нар уулын орой дээрх тугийн иш шиг үлдэж,
Толгод дээрх дарцаг мэт болох хүртлээ
Нэг хүний сүрдүүлгээр мянган хүн чинь зугтаж,
Таван хүний заналхийллээр
Та нар зугтах болно.

Бурханы амлалт

18 ЭЗЭН, та нарт нигүүлсэнгүй хандан хүлээж байна.
Тиймээс Тэр та нарт өршөөл үзүүлэн өндөрт байж байна.
Учир нь ЭЗЭН шударга ёсны Бурхан.
Түүнийг хүлээгсэд бүгд ерөөлтэй еэ!

19 Йерусалимд оршин суугч, Сионы хүмүүс ээ! Та нар цаашид уйлахгүй. Та нарын уйлах дуунаар Тэр та нарт нигүүлсэнгүй байх болно. Тэр үүнийг сонсмогцоо та нарт хариу өгнө. 20 Хэдийгээр Эзэн та нарт шаналангийн талх, зовлонгийн усыг өгсөн боловч та нарын Багш цаашид Өөрийгөө нуухгүй бөгөөд харин та нар Багшийгаа нүдээрээ харах болно. 21 Та нар баруун тийшээ эргэсэн ч, зүүн тийшээ эргэсэн ч, араас чинь дуугарах “Энэ бол зам. Үүгээр алхагтун” гэх үгийг чих чинь сонсоно. 22 Та нар мөнгөөр бүрсэн сийлмэл хөргүүд, алтаар бүрсэн цутгамал хөргүүдээ жигшин, тэдгээрийг бохир живх мэт хаяад “Далд орог” гэж хэлнэ. 23 Дараа нь газарт тариалах үрслэгээнд чинь зориулан Тэр бороо оруулна. Газрын ургац буюу хоол хүнс элбэг дэлбэг болно. Тэр өдөр мал сүрэг чинь уудам бэлчээрт идээшилнэ. 24 Мөн газарт ажиллуулдаг шар, илжигнүүд чинь утгуур ба шигшигч савраар шигшсэн давсалсан тэжээл иднэ. 25 Цамхгууд нурах, их аллагын өдөр аливаа сүрлэг уул болоод өндөр толгод бүр дээр гол горхи урсана. 26 ЭЗЭН ард түмнийхээ бэртэнгийг боож, яр шархыг нь эмчлэх өдөр сарны гэрэл нь нарны гэрэл шиг болж, нарны гэрэл нь долоон өдрийн гэрэл мэт долоо дахин хурц болно.

Ассирийн эсрэг шүүлт

27 Үзэгтүн, ЭЗЭНий нэр алс холоос ирж байна.
Уур нь шатаж, утаа нь өтгөрч,
Уруул нь зэвүүцлээр дүүрч,
Хэл нь түймэрдэгч галтай адил байна.
28 Үндэстнүүдийг сүйрлийн шигшүүрт сэгсэрч
Ард түмнүүдийн аманд төөрүүлэх хазаар хийхээр
Амьсгал нь хүзүүнд тулах үерийн ус мэт оволзож байна.

29 Тусгай баярын шөнө шиг та нар дуу хуур болж, ЭЗЭНий уул, Израилын хад руу лимбийн аялгуунд алхан, зүрх сэтгэл чинь баясна. 30 ЭЗЭН дуу хоолойн сүр хүчээ сонсгож, догшин уур, түймэрдэгч галын дөл, ширүүн аадар бороо, мөндрийн дотор мутраа буулган үзүүлнэ. 31 ЭЗЭНий дуу хоолой Ассирийг сүрдүүлнэ, Тэрээр шийдмээр түүнийг бяц цохино. 32 Тэдний дээр буулгах ЭЗЭНий шийтгэлийн таягийн цохилт бүрд хэнгэрэг, босоо ятгын дуу гарна. Тэрээр зэвсгээ далайн, тэдэнтэй байлдана. 33 Учир нь шатаах газар эртнээс зэхэгджээ. Үнэндээ энэ нь хааны төлөө бэлтгэгджээ. Асар том, гүнзгий нүх нь гал түлшээр дүүрэн агаад ЭЗЭНий амьсгал нь хүхрийн урсгал мэт түүнийг ноцоож байна.