Бурханы зэмсэг Кореш

45 1 Өөрөө томилж, баруун гараас нь барьсан Корештоо
ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
Үндэстнүүдийг түүнд эрхшээлгэж,
Хаадын хуяг дуулгыг алдууруулахаар,
Үүд хаалгыг Тэрээр түүний өмнө нээж,
Хотын гулдан хаалгануудыг Тэрээр үл хаалгасан юм.
2 “Би чиний өмнө явж,
Муруй газрыг тэгшлэн
Хүрэл хаалгануудыг буталж,
Төмөр хөндлүүдийг цавчин хуваана.
3 Чамайг нэрээр чинь дуудсан
Би ЭЗЭН, Израилын Бурхан гэдгийг
Чамд мэдүүлэхийн тулд
Би чамд харанхуйн эрдэнэс,
Далд газруудын нууцалсан эд баялгийг өгнө.
4 Миний зарц Иаков,
Миний сонгосон Израилын төлөө
Би чамайг нэрээр чинь дуудсан.
Чи Намайг танихгүй ч
Би чамд цолыг олгосон.
5 Би ЭЗЭН, өөр байхгүй.
Надаас өөр Бурхан байхгүй.
Чи Намайг танихгүй ч,
Би бүсийг чинь бүсэлсэн.
6 Тийнхүү Надаас өөр хэн ч алга,
Би ЭЗЭН, өөр байхгүй гэдгийг
Наран мандахаас шингэх хүртэлх
Бүх газрын хүмүүс мэдэх болтугай!
7 Би гэрлийг бий болгон
Харанхуйг бүтээж,
Сайн сайхныг бий болгож
Гай гамшгийг ч бүтээдэг.
Бүгдийг хийдэг Би ЭЗЭН.

8 Тэнгэр ээ, дээрээс асгарагтун.
Үүлс зөвт байдлыг цутгаг.
Газар нээгдэж, авралыг ургуулан
Түүний хамт зөвт байдал дэлгэрэг.
ЭЗЭН Би үүнийг бүтээсэн билээ.

9 Шавар савнуудын дундах шавар сав байж
Бүтээгчтэйгээ маргалдагч нь гаслантай яа!
Шавар нь ваарчиндаа «Чи юу хийж байна вэ?» гэдэг үү?
Бүтээл чинь «Энэ бариулгүй юм байна» гэж хэлэх үү?*
10 Эцэгтээ «Та юу төрүүлэв?» гэж,
Эхдээ «Та юу гаргачхав?» гэж хэлэгч нь гаслантай яа!”
11 Израилын Ариун Нэгэн,
Бүтээгч нь болох ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хөвгүүдийн минь ирээдүйн талаар
Та нар Надаас асууж,
Мутрын минь ажлыг Надад тушаах уу?
12 Дэлхийг Би хийж,
Дээр нь хүнийг бүтээсэн.
Мутраараа тэнгэрийг дэлгээд,
Би түг түмдэд тушаасан.
13 Би түүнийг зөвийн дотор босгосон,
Би бүх замыг нь тэгшилнэ.
Тэр хөлс, шангүйгээр хотыг минь барьж,
Цөлөгдсөн хүмүүсийг минь суллана” гэж
Түг түмдийн ЭЗЭН айлдав.

14 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Египетийн баялаг,
Кушийн наймаа,
Чацархаг хүмүүс сабечууд
Чам дээр ирж, чинийх болно.
Тэд араас чинь явж, гинжтэйгээ ирж, чамд мөргөөд,
«Үнэхээр Бурхан чамтай хамт байна.
Өөр байхгүй.
Өөр Бурхан байхгүй» гэцгээнэ.”

15 Израилын Бурхан, Аврагч минь,
Үнэхээр Та Өөрийгөө нууцалдаг Бурхан юм.
16 Шүтээн хийгчид бүгд ичгүүрт орж,
Гутамшиг болон хамтдаа ичиж зовно.
17 Харин Израил ЭЗЭНээр аврагдана.
Өнө мөнхийн авралаар аврагдана.
Үүрдийн үүрд ичихгүй, гутамшиг болохгүй.

18 Тэнгэрсийг бүтээсэн ЭЗЭН ингэж айлдаж байна.
(Тэрээр газрыг бий болгон, гүйцэлдүүлсэн Бурхан юм.
Тэр үүнийг дэмий хоосноор тогтоож бүтээгээгүй
Харин оршин суугчидтай болгохоор үүнийг бий болгосон.)
“Би ЭЗЭН. Өөр байхгүй.
19 Дэлхийн харанхуй газраас Би нууцаар яриагүй,
«Хоосноос Намайг хай» гэж
Иаковын үр удамд Би хэлээгүй.
ЭЗЭН Би зөвийг айлдаж,
Чигч шударгыг тунхагладаг.

20 Цуглаад ирцгээ.
Үндэстнүүдийн дүрвэгсэд хамтдаа ойртоцгоо.
Модон шүтээнүүдээ дээдэлдэг,
Аварч чадахгүй бурханд залбирдаг хүмүүст
Мэдлэг гэж алга.
21 Тунхагла, танилцуул.
Тэд хамтдаа зөвлөлдөг.
Хэн эртнээс үүнийг мэдүүлсэн бэ?
Хэн урьдаас үүнийг тунхагласан бэ?
ЭЗЭН Би биш үү?
Надаас өөр Бурхан байхгүй.
Надаас өөр зөвт Бурхан,
Аврагч гэж байхгүй.

22 Дэлхийн бүх хязгаар аа,
Над руу эргэж аврагдагтун.
Би Бурхан, өөр байхгүй.
23 Би Өөрөөрөө тангарагласан.
Амнаас минь үнэн зөв үг л гарна.
Эргэж буцахгүй.
Тиймээс өвдөг бүхэн Надад сөгдөж,
Хэл бүр тангараглана.*

24 Зөвхөн ЭЗЭН дотор Миний тухай
«Зөвт байдал ба хүч» гэж хэлэгдэнэ.
Түүнд уурсагч бүхэн
Түүн дээр очоод ичнэ.
25 Израилын бүх үр удам
ЭЗЭНий дотор зөвтгөгдөн, алдаршина.


  • 45:9 Иса 29:16; Ром 9:20
  • 45:23 Ром 14:11; Флп 2:10–11