53 1 Бидний мэдээнд хэн итгэсэн бэ?
ЭЗЭНий мутар хэнд илчлэгдсэн бэ?*
2 Тэрээр Түүний өмнө нялх нахиа мэт,
Хуурай газраас гарсан үндэс мэт ургав.
Бидэнд харагдахуйц хэлбэр дүрс, цог жавхлан
Түүнд байсангүй.
Биднийг татахуйц дүр төрх Түүнд алга байв.
3 Тэрээр хүмүүст жигшигдэж, орхигдсон,
Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн ажээ.
Түүнээс хүн нүүр буруулж,
Тэр жигшигдэж, бид Түүнийг эс тоосон.
4 Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж
Өвчин зовлонг маань үүрчээ,
Гэтэл Түүнийг Бурханд зодуулж, цохиулсан
Тэгээд зовж зүдэрсэн гэж бид тооцжээ.*
5 Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан
Хилэнцийн маань улмаас Тэр бяцарчээ.
Амар тайвны маань төлөө
Түүн дээр гэсгээл байж,
Шархаар нь бид эдгэрчээ.*
6 Бүгдээрээ бид хонь мэт төөрч,
Бүгд л өөр өөрийн замаар явав.
Бүгдийн маань хилэнцийг харин
Түүн дээр ЭЗЭН тохов.*
7 Тэр тамлагдан, зовсон боловч амаа нээсэнгүй.
Нядлагдахаар хөтлөгдөх хурга шиг
Хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг
Амаа ч Тэр нээсэнгүй.* *
8 Хавчлага шүүх Түүнийг аваад явлаа.
Ард түмний минь тэрслэлийн улмаас цохигдож,
Амьдын газраас Тэр таслагдсан атал
Хэн ирээдүйнх нь тухай төсөөлсөн бэ?
9 Булшийг нь буруутуудын хамт товлосон ч
Үхэлд Тэрээр баян хүнтэй хамт байв.
Тэр хүчирхийлэл үйлдээгүй,
Түүний аманд худал хуурмаг нь байгаагүй.*
10 Гэвч Түүнийг няцалж, зовоох нь
ЭЗЭНий таалал байв.
Амиа Тэр ялын тахил болговоос,
Үрээ Тэрээр үзнэ.
Өдрүүдээ уртасган
ЭЗЭНий таалал гарт нь цэцэглэх болно.
11 Зовлонгоосоо Тэрээр гэрэл харна.
Мэдлэгээрээ Тэрээр хангалуун болно.
Зөвт Нэгэн, Миний Зарц
Олныг зөвтгөнө, хилэнцийг нь үүрнэ.
12 Тиймээс Би Түүнд
Ихэстэй хамт хувь ногдуулж,
Тэрээр олзыг хүчтэнүүдтэй хуваана.
Учир нь Тэр амиа үхэл рүү асгаж,
Нүгэлтнүүдийн хамт тоологдсон юм.
Олны нүглийг Өөртөө авч,
Гэмтнүүдийн төлөө зуучилсан юм.*
- 53:1 Иох 12:38; Ром 10:16
- 53:4 Мт 8:17
- 53:5 1Пт 2:24
- 53:6 1Пт 2:25
- 53:7 Илч 5:6
- 53:7–8 Үйл 8:32–33
- 53:9 1Пт 2:22
- 53:12 Мк 15:28; Лк 22:3754