Үндэстнүүдийн Үйлчлэгч бас Гэрэл
42 1 Миний дэмнэдэг Зарц,
Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар.
Би Түүний дээр Сүнсээ байлгана.
Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна.* *
2 Тэр хашхирахгүй, дуугаа өндөрсгөхгүй,
Түүний дуу гудамжинд сонсогдохгүй.
3 Тэрээр бяцарсан зэгсийг хугалахгүй,
Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй.
Шударга ёсыг үнэхээр Тэр авчирна.
4 Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртлээ
Тэрээр бөхөхгүй, бас бяцрахгүй.
Эргийн нутгийнхан ч Түүний хуулийг хүлээнэ.
5 Тэнгэрийг бүтээж татаад,
Дэлхий болон түүнээс гарах бүхнийг дэлгэсэн,
Түүн дээрх хүмүүст амьсгалыг,
Түүний дотор явагчдад сүнсийг өгөгч
Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.*
6 “Би ЭЗЭН.
Чамайг зөвт байдалд дуудаж,
Гараас чинь атгана, хамгаална.
Чамайг ард түмний гэрээ,
Үндэстнүүдийн гэрэл болгож өгнө.*
7 Энэ нь сохрын нүдийг нээж,
Гяндангаас хоригдлуудыг чөлөөлөн,
Харанхуйд суугчдыг хорионоос гаргахын тулд юм.
8 Би ЭЗЭН.
Энэ бол Миний нэр.
Алдраа Би бусдад өгөхгүй.
Магтаалаа Би сийлмэл хөргүүдэд өгөхгүй.
9 Үзэгтүн, урьдын юмс биелж өнгөрчээ.
Одоо Би шинэ юмыг мэдүүлж байна.
Соёолон гарахаас нь өмнө
Би та нарт сонордуулъя.”
Магтаалын магтуу
10 Далай руу орогсод ба дотор нь буй бүгд,
Арлууд болон дээр нь оршин суугчид аа.
ЭЗЭНд шинэ дуу дуулж,
Түүнийг дэлхийн хязгаараас магтагтун.
11 Цөл хийгээд хотууд,
Кедарт байдаг суурингууд дуугаа өргөгтүн.
Хад чулуун дунд оршин суугчид баясан дуулж,
Уулсын оройгоос баярлан хашхирах болтугай!
12 ЭЗЭНд алдрыг өргөн
Магтаалыг нь эргийн орнуудад тунхаглах болтугай!
13 ЭЗЭН дайчин мэт урагшилж,
Дайнч эр мэт зүтгэн босоод,
Хашхиран уухайлж, дайснаа дарна.
14 “Би удаан хугацаанд дуугаа хурааж, биеэ барилаа.
Би одоо төрөх гэж байгаа эмэгтэй мэт хашхирч,
Хоосруулан сүйтгэж, бүхнийг залгих болно.
15 Би уул толгодыг хоослон
Бүх өвс ногоог нь хатаан
Гол мөрнийг нь арлууд болгож,
Цөөрмүүдийг нь ширгээнэ.
16 Би сохруудыг мэдэхгүй замаар явуулан
Мэдэхгүй харгуйгаар нь тэднийг удирдана.
Би өмнө нь харанхуйг гэрэл болгон,
Муруйг тэгш болгоно.
Би тэдэнд үүнийг хийх бөгөөд тэднийг орхихгүй.
17 Сийлмэл хөргүүдэд итгэгсэд,
Цутгамал хөргүүдийг “Бурхад маань” гэж хэлэгсэд
Ичиж эргэнэ, нэгмөсөн гутамшигт орно.
18 Дүлий хүмүүс ээ, сонсогтун!
Сохор хүмүүс ээ, харах гэж харагтун!
19 Зарцаас минь өөр сохор хүн хэн бэ?
Миний илгээсэн элч шиг дүлий нь хэн бэ?
Үнэнч нэгэн шиг минь сохор
ЭЗЭНий зарц шиг сохойсон хүн хэн бэ?
20 Чи харсан, олон юмыг харсан боловч анзаараагүй.
Чих чинь нээлттэй байсан авч юуг ч сонсоогүй.
Дуулгаваргүй Израил
21 Зөвт байдлынхаа төлөө
Хуулийг агуу их, хүндтэй болгох нь
ЭЗЭНд таатай байдаг.
22 Гэвч энэ ард түмэн тонуулж, дээрэмдүүлж,
Тэд бүгд нүхэнд хоригдож,
Хорионы гэрүүдэд далдлагджээ.
Олз болоход нь тэднийг чөлөөлөх хүн алга.
Дээрэмдүүлэхэд нь “Буцааж өг” гэж хэлэх хүн ч алга.
23 Хэн үүнд чих тавих вэ?
Хэн ирээдүйд анхаарч, сонсох юм бэ?
24 Иаковыг олзонд, Израилыг дээрэмчдэд
Хэн тушаасан бэ?
Тэр ЭЗЭН биш гэж үү?
Бид Түүний эсрэг нүгэл үйлдэж,
Зам мөрөөр нь яваагүй,
Хуулийг нь ч дагаагүй
25 Тиймээс хилэнгийнхээ ааг омгийг,
Хатуу ширүүн дайныг Тэр тэдний дээр асгав.
Тэднийг бүх талаас нь галдсан боловч
Тэд ойлгосонгүй.
Тэднийг шатаасан боловч
Үүнийг ухаарч ойлгосонгүй.
- 42:1 Мт 3:17, 17:5; Мк 1:11; Лк 3:22, 9:35
- 42:1–4 Мт 12:18–21
- 42:5 Үйл 17:24–25
- 42:6 Иса 49:6; Лк 2:32; Үйл 13:47, 26:23