ЭЗЭНий өргөөн дэх үзэгдэл
6 1 Уззиа хааны өөд болсон жил би Эзэнийг сэнтийн дээр өргөмжлөгдөн заларч, Түүний нөмрөгийн хормой сүмийг дүүргэж байхыг харлаа.* 2 Тус бүр зургаан жигүүртэй серафууд Түүний дээд талд зогсоод, хоёр жигүүрээрээ нүүрээ бүтээж, хоёроороо хөлөө хучин хоёроор нь нисэж байлаа. 3 Нэг нь нөгөөгөө дуудаж,
Түг түмдийн ЭЗЭН
Ариун, ариун, ариун.
Бүх л газар алдраар нь дүүрэн байна.
гэж байв.* 4 Дуудагчийн дуунаар босгоны суурь чичирсэн ба тэгэхэд сүм утаагаар дүүрч байлаа.* 5 Тэгээд би
—Би сүйрсэн тул золгүй еэ! Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг, бузар уруултай хүн. Гэвч нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв. 6 Тэгэхэд серафуудын нэг нь тахилын ширээнээс хямсаагаар авсан, шатаж байгаа нүүрс гартаа барин над руу нисэж ирэв. 7 Тэгээд тэр аманд минь хүргэж
—Харагтун. Энэ чиний аманд хүрснээр чиний хилэнц авч хаягдаж, чиний нүгэл уучлагдлаа гэв. 8 Дараа нь
—Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ? гэсэн Эзэний дууг би сонсоод
—Би энд байна. Намайг явуулаач гэж хэлэхэд 9 Тэрээр
Яв. Энэ ард түмэнд очиж хэлтүгэй!
“Сонсон сонсовч эс ухаар.
Харан харавч эс ойлго”* гэж хэл.
10 Энэ ард түмний зүрхийг хатууруулж,
Чихийг нь бөглөн, нүдийг нь харахгүй болго.
Эс бөгөөс тэд нүдээрээ харж
Чихээрээ сонсож, зүрхээрээ ухаарч,
Эргэж буцна, эдгэрнэ гэв.
11 Дараа нь би “Эзэн минь, хэр удаан тэгэх вэ?” гэсэнд Тэрээр,
Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж,
Орон байр эзгүйрч,
Газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.
12 ЭЗЭН хүмүүсийг хол аваачин
Нутгийн дунд мартагдсан газрууд их болно.
13 Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч,
Түүнийг улиас юм уу, царс мод шиг дахин шатаана.
Түүнийг тайрахад хожуул нь үлдэнэ.
Энэ хожуул нь ариун үр юм гэв.
- 6:1 2Ха 15:7; 2Шс 26:23
- 6:3 Илч 4:8
- 6:4: Илч 15:8
- 6:9–10 Мт 13:14–15; Мк 4:12; Лк 8:10; Иох 12:40; Үйл 28:26–27