Вавилон басамжлагдана

47 1 Онгон охин Вавилон чи,
Доош бууж шороон дээр суугтун.
Халдеи охин оо,
Сэнтий байхгүй, чи газарт суу.
Чамайг цаашид булбарай, туяхан гэхгүй.*
2 Тээрмийн чулуу авч тариа тээрэмд.
Гивлүүрээ авч, банзлаа сөхөж,
Гуяа нүцгэлж гол гатлагтун.ж
3 Нүцгэн бие чинь ил гарч,
Ичгүүр чинь ч бас үзэгдэх болно.
Нэг ч хүнийг өршөөхгүйгээр
Би өшөө авна.
4 Биднийг Золин авагч,
Түүний нэр түг түмдийн ЭЗЭН,
Израилын Ариун Нэгэн билээ.

5 “Халдеи охин чи,
Дуугүй суу, харанхуй руу яв.
Чамайг цаашид
Хаанчлалуудын эзэгтэй гэж дуудахгүй.
6 Би ард түмэндээ хилэгнэн
Өв залгамжлалаа жигшиж,
Би тэднийг чиний гарт өгсөн.
Гэтэл чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй,
Бүр өтгөст ч хүнд буулгыг үүрүүлжээ.
7 Тэгээд «Би мөнхөд эзэгтэй байх болно» гэж хэлээд,
Эдгээр зүйлсийг зүрхэндээ оруулсангүй,
Эцэс төгсгөлийг нь чи санасангүй.

8 Амарлингуй суугаад,
«Би л байна, өөр хэн ч алга.
Би бэлэвсэн эмэгтэй шиг суухгүй,
Хүүхдээ алдахыг ч үзэхгүй» гэж
Зүрхэндээ өгүүлэгч тачаангуй нэгэн чи,
Одоо сонсогтун.*
9 Хүүхдээ алдах, бэлэвсрэх нь
Нэг л өдөр чам дээр хоёулаа гэнэт ирнэ.
Чиний илбэ арвин их,
Ид шид чинь агуу хүчтэй ч
Энэ бүхэн бүрэн хэмжээгээр чам дээр ирнэ.

10 Хилэнцэт явдалдаа чи найдан
«Хэн ч намайг харахгүй» гэж хэлэв.
Мэргэн ухаан, мэдлэг чинь чамайг төөрөгдүүлж
«Би, надаас өөр хэн ч алга» гэж
Чи зүрхэндээ хэлжээ.
11 Гэвч хаанаас гарч ирснийг нь мэдэхгүй
Ёрын муу юм чам дээр ирнэ.
Зайлуулж чадахааргүй гай гамшиг
Чам дээр унана.
Чиний мэдэхгүй сүйрэл
Гэнэт чам дээр ирнэ.

12 Залуу наснаасаа хийж ирсэн илбэ,
Арвин их ид шид дотроо чи одоо зогс.
Чи ашиг олж юуны магад,
Чи айлган цочирдуулж ч болох юм.
13 Чи олон зөвлөгөөнөөсөө болж туйлджээ.
Зурхайчид, оддыг шинждэг төлгөчид,
Шинэ сараар мэргэлэгчид одоо босож,
Чам дээр ирэх юмнаас чамайг авраг.

14 Үзэгтүн, тэд сүрэл мэт болж, галд шатна.
Өөрсдийгөө ч галын дөлнөөс аварч чадахгүй.
Тэр бол дулаацах нүүрс, өмнө нь суух гал биш.
15 Залуу наснаас чинь хамт зүтгэсэн,
Арилжаа хийж, хамт ажилласан тэд чинь тийм болно.
Хүн бүр өөрийнхөө замаар тэнүүчилнэ.
Хэн ч чамайг аврахгүй.”


  • 47:1–15 Иса 13:1—14:23; Иер 50:1, 51:64
  • a47:2 гол гатлагтун: Энэ нь цөллөгт явахыг хэлсэн бололтой.
  • 47:8–9 Илч 18:7–8