Авилгач удирдагчид, тахилчид ба эш үзүүлэгчид
28 1 Ефраимын согтуучуудын бардам титэм,
Үржилт хөндийн аман дахь
Цуутай гоо үзэсгэлэнгийнх нь гундмал цэцэг болох
Дарсанд цохигдсон хүмүүс хөөрхий еэ!
2 Үзэгтүн, Эзэнд эрх мэдэлт, хүчит нэгэн бий.
Шуурган мөндөр, сүйрлийн хар салхи,
Үерлэх усны хүчит шуурга мэт мутраараа
Тэр хүн энэ титмийг газарт чулуудна.
3 Ефраимын согтуучуудын бардам титэм нь
Хөл дор гишгэгдэнэ.
4 Үржилт хөндийн аман дахь
Үзэсгэлэн гоо боловч гундсан тэр цэцэг
Зунаас өмнө боловсорсон
Анхны инжир жимс мэт болно.
Харсан хүн гартаа оруулна,
Оруулмагцаа түүнийг залгина.
5 Тэр өдөр түг түмдийн ЭЗЭН
Амьд үлдсэн хүмүүстээ цог жавхлант титэм,
Үзэсгэлэнт цэцгэн хэлхээ болж,
6 Шүүх газар сууж буй хүнд
Шударга сүнс болж,
Гулдан хаалган дээрх дайчдад
Хүч чадал нь болно.
7 Тэд дарсанд хөлчүүрч, сархдад согтож,
Тахилч ба эш үзүүлэгчид ч сархдад хөлчүүрч,
Дарсанд самуурч, сархдад согтож,
Үзэгдэл үзэхдээ хөлчүүрч
Шүүлт шийдвэрийг гуйвуулдаг аж.
8 Бүх ширээ нь заваан бөөлжсөөр дүүрэн,
Бүр ямар ч зайгүй болсон байна.
9 “Тэр хэнд мэдлэг заах юм?
Тэр хэнд сургаал ойлгуулах юм?
Сүүнээс гарсан хүүхдэд үү?
Хөхнөөсөө салсан нялхаст уу?
10 «Тушаал дээр тушаал, тушаал дээр тушаал,
Журам дээр журам, журам дээр журам.
Энд жаахан, тэнд жаахан» гэх юм!” хэмээдэг.
11 Тиймээс ЭЗЭН энэ ард түмэнд хандаж
Шулганасан уруул, харь хэлээр дамжуулан ярих болно.*
12 Тэр тэдэнд
“Энд амралт байна.
Эцэж туйлдагсдад амралтыг өгөгтүн.
Энд тайван байна” гэсэн боловч
Тэд сонсохгүй байсан.
13 Тиймээс тэдэнд айлдах ЭЗЭНий үг нь
“Тушаал дээр тушаал, тушаал дээр тушаал,
Журам дээр журам, журам дээр журам.
Энд жаахан, тэнд жаахан” байна.
Ингэснээр тэд явж, гэдрэгээ савж хэмхрээд,
Урхинд орж баригдах болно.
14 Тиймээс энэ ард түмнийг захирагч,
Йерусалим дахь шооч эрчүүд ээ.
ЭЗЭНий үгийг сонсогтун!
15 Учир нь та нар
“Бид үхэлтэй гэрээ байгуулж,
Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн.
Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө
Бидэнд хүрэхгүй.
Учир нь бид худал хуурмагийг хоргодох газраа болгож,
Заль мэхээр өөрсдийгөө далдалсан” гэж хэлсэн.
16 Тиймээс Эзэн БУРХАН
“Үзэгтүн. Би Сионд нэгэн чулууг,
Шалгагдсан, үнэт, бат суурилуулсан
Суурийн булангийн чулууг тавина.
Түүнд итгэгч нь үл тэвдэнэ.*
17 Би шударга ёсыг хэмжих шугам болгон,
Үнэн зөвийг хэмжүүр болгоно.
Худлын хоргодох газрыг мөндрөөр арчин
Нууц газрыг усаар урсгана.
18 Үхэлтэй байгуулсан гэрээ,
Үхэгсдийн оронтой тохиролцсон хэлэлцээр чинь хүчингүй болно.
Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө
Та нарыг гишгэчин дэвслэх болно.
19 Тэр өнгөрөх бүрдээ та нарыг барина.
Өглөөнөөс өглөөд, өдөр шөнөгүй дайрна.
Энэ мэдээг ойлгох нь
Илт айдас байх болно” гэж айлдаж байна.
20 Сунаж хэвтэхэд ор нь хэт богино,
Хучихад хөнжил нь хэт нарийн ажээ.
21 ЭЗЭН Перазим уулан дээр боссон шиг босож,
Гибеоны хөндийд хилэгнэсэн шиг хилэгнэн
Өөрийн үйлийг, ер бусын үйлийг үйлдэнэ.
Тэр ажлаа, этгээд ажлаа хийнэ.*
22 Элэглэхээ одоо зогсогтун.
Эс тэгвэл гинж чинь чангарна.
Учир нь бүх дэлхий дээр хатуу тогтоогдсон сүйрлийг
Түг түмдийн Эзэн БУРХАНаас би сонсов.
23 Чих тавин дууг минь чагнаач!
Анхаарал тавин яриаг минь чагнаач!
24 Үр цацахын тулд тариачин хүн
Бүхий цагт зөвхөн газраа л хагалдаг гэж үү?
Хөрсийг өдөр бүр борнойдож сийрүүлдэг үү?
25 Тэр газрын гадаргыг тэгшлэн
Ногоон гоньд тарихаар гоньдоо цацдаггүй гэж үү?
Тэр буудайг эгнээгээр, арвайг газарт нь,
Хөц будааг талбай дээр нь тарьдаг биш үү?
26 Учир нь Бурхан хүмүүнд
Арга замыг нь заасан байдаг.
27 Ногоон гоньдыг лантуугаар цохидоггүй,
Тэрэгний дугуй ч гоньдны дээгүүр өнхөрдөггүй.
Харин ногоон гоньдыг саваагаар,
Гоньдыг шийдмээр балбадаг.
28 Талхны тариаг үйрүүлдэг ч
Тасралтгүй нүдээд байдаггүй.
Дээр нь бул эргүүлдэг ч
Морьд өөрөө нунтагладаггүй.
29 Энэ ухаан бас түг түмдийн ЭЗЭНээс ирсэн бөгөөд
Зөвлөгөө нь гайхамшигтай,
Мэргэн ухаан нь агуу их билээ.
- 28:11–12 1Ко 14:21
- 28:16 Дуу 118:22–23; Ром 9:33, 10:11; 1Пт 2:6
- 28:21 Иош 10:10–12; 2См 5:20; 1Шс 14:11