МЭӨ 8-р зууны хоёрдугаар хагаст Йерусалимд амьдарч байсан их эш үзүүлэгч Исаиагийн нэрээр нэрлэгдсэн энэ номыг 3 үндсэн хэсэгт хуваан үзэж болно.
1. Өмнөд хаант улс Иуда хүчирхэг хөрш Ассирийн заналхийлэл дор байсан үеийн тухай 1–39-р бүлэгт гарч байна. Энэ хэсэгт Ассири бус харин Бурханд дуулгаваргүй итгэл дорой хандаж буй өөрсдийнх нь гэм нүгэлтэй явдал Иудаг заналхийлж байна хэмээсэн Исаиа эш үзүүлэгчийн үзэл илэрхийлэл харагдаж байна. Тэрээр мөн хурц үг, үйлдлээрээ зөвт амьдрал шударга ёсыг ард түмэн, удирдагч нартаа уриалж, нэхэж улмаар Бурханаас ирж буй мөхөл сүйрлийг анхааруулдаг юм. Мөн дэлхий дахины амар амгалан цаг үе болон Давидын удмын жинхэнэ хааны тухай ч мөн зөгнөсөн байна.
2. Иудейчүүд олноороо Вавилонд олзлогдож, итгэл найдваргүй болсон цаг үеийн тухай 40–55-р бүлэгт өгүүлдэг. Ард түмнээ Бурхан чөлөөлж, шинэ амьдрал эхлэхээр Йерусалимдаа эргэн ирж суурьшихыг зөвшөөрөх цаг ирнэ гэдгийг тэрээр мөн тунхаглажээ. Бурхан бол түүхийн Эзэн агаад Израилаар дамжин бусад үндэстнийг ерөөх их зорилго бүхий төлөвлөгөөгөө ард түмэндээ зориулан бэлдсэн гэсэн санаа нь эдгээр бүлэгт гарч буй анзаарууштай агуулга юм.
3. Бурхан амлалтаа биелүүлж, ард түмэн Йерусалимдаа эргэн ирэх тухай нотолсон өгүүлэмж 56–66-р бүлэгт нэлээд гардаг. Зөвт ба шударга амьдрал, Амралтын өдөр, өргөл мөн залбирлын асуудлуудыг бас энд хөндсөн байна. Хамгийн анхаарал татсан хэсэг нь 61:1–2-р эшлэл бөгөөд Есүс үйлчлэлээ эхлэх үедээ үүнийг хэрэглэн дуудлагаа тодорхойлсон байдаг.
1 1 Иудагийн хаад болох Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд, Иуда болон Йерусалимын тухай Амозын хүү Исаиагийн үзсэн үзэгдэл.*
Иудагийн ёс бус байдал
2 Тэнгэр ээ, сонсогтун.
Газар аа, чих тавигтун.
ЭЗЭН айлдаж байна.
“Өсгөж торниулсан үрс маань
Өөдөөс минь тэрслэн бослоо.
3 Үхэр эзнээ, илжиг ч эзнийхээ тэвшийг таньдаг
Израил харин таньдаггүй,
Улс олон минь ухаардаггүй.
4 Ай хөөрхий, нүгэлт үндэстэн,
Хилэнцэд дарагдсан ард түмэн,
Хорлогчдын үр удам, хөнөөгч хөвгүүд.
Тэд ЭЗЭНийг орхилоо.
Тэд Израилын Ариун Нэгэнийг огоорон
Түүнээс ухарлаа.
5 Юунд та нар ташуурдуулах гээд байна?
Юу гэж та нар урваж тэрслээд байна?
Толгой нь нэлдээ өвчтэй,
Зүрх нь бүхэлдээ сульдуу байна.
6 Хөлийн улнаас толгой хүртлээ эрүүл газар алга.
Шахаагүй, боогоогүй, тосоор зөөллөөгүй
Шарх, сорви, шалбархай яр л байна.
7 Газар нутаг чинь эзгүйрч,
Галд хотууд чинь шатаж,
Газар шороог чинь та нарын нүүрэн дээр
Гадаадынхан залгижээ.
Гаднынхны сүйтгэл хоосолжээ.
8 Сион охин, усан үзмийн талбай дахь овоохой шиг,
Өргөст хэмхийн талбай дахь шовгорa шиг,
Бүслэгдсэн хот шиг болж хоцорчээ.
9 Хэрэв түг түмдийн ЭЗЭН
Цөөн амьд үлдэгсдийг бидэнд үлдээгээгүй бол
Бид Содом мэт болж,
Гоморра шиг болох байлаа. *
10 Содомын захирагчид аа!
ЭЗЭНий үгийг сонсогтун.
Гоморрагийн хүмүүс ээ!
Бурханы маань зааварт чих тавигтун”
11 ЭЗЭН айлдаж байна.
“Олон тахил чинь Надад юу юм бэ?
Хуцын шатаалт тахилд ч
Бордсон үхрийн өөхөнд ч
Би бүр ханалаа.
Бух, хурга, ямааны цусыг ч Би эс таална.*
12 Өмнө минь үзэгдэх гэж та нар ирэхдээ
Хашааг минь дэвслээд бай гэж
Хэн та нараас шаардав?
13 Утгагүй өргөлөө цаашид бүү авчир.
Утлага чинь Надад жигшүүртэй байна.
Шинэ сар, Амралтын өдөр, цуглааны дуудлага гээд
Ёс бус тусгай чуулааныг чинь Би тэвчихгүй.
14 Та нарын шинэ сарын баяр, тогтсон найруудыг
Би үзэн ядна.
Тэдгээр нь Надад тээр төвөг болж байна.
Тэднийг үүрсээр Би цөхөрлөө.
15 Та нарыг гараа сарвайхад,
Би та нараас мэлмий буруулна.
Та нар олонтоо залбирсан ч
Би эс сонсоно.
Гар чинь цусаар бялдсан байна.
16 Өөрсдийгөө угааж цэвэрлэ.
Нүднээс минь ёрын үйлсээ зайлуул.
Мууг хийхээ боль.
17 Сайныг үйлдэхийг сурцгаа.
Шударга ёсыг мэтгэ.
Дарлагдагсдыг тэтгэ.
Өнчнийг өмөөр.
Бэлэвснийг өмгөөл.
18 “Хүрээд ир, хэлэлцье” гэж
ЭЗЭН айлдаж байна.
“Хилэнц нүгэл чинь час улаан мэт байвч
Цас адил цагаан болно.
Хүрэн улаан боловч
Ноос адил цагаан болно.
19 Уриалгахнаар та нар дагах аваас
Уг газрын сайныг иднэ.
20 Эсэргүүцэж харин тэрсэлбээс
Илдэнд өөрсдөө идүүлнэ” хэмээн
ЭЗЭНий ам айлдаж байна.
Доройтсон хот
21 Итгэмжит хот яаж янхан болж байна?
Зөв шударгаар дүүрэн,
Үнэн зөв нь тэнд үдэлдэг байсан атал,
Өдгөө харин алуурчдаар л дүүрчээ.
22 Мөнгө чинь шаарагb болжээ
Дарсанд чинь ус хольжээ.
23 Тэргүүлэгчид чинь тэрслэгчид,
Хулгайчдын хамсаатнууд.
Тэд бүгд хахуульд дурлагчид,
Шан харамж хөөцөлдөгсөд.
Өнчнийг тэд өмөөрдөггүй,
Бэлэвсний заргыг хавьтуулдаггүй.
24 Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн,
Израилын Хүчит Нэгэн тунхаглаж байна.
“Өө, Би хилэнгээ дайснууд дээрээ цутгаж,
Өстнүүдээсээ Би өшөөгөө авна.
25 Өөдөөс чинь Би мутраа эргүүлж,
Хог шаарыг чинь шүлтээр мэт цэвэршүүлж
Хольц бүхнийг чинь арилгана.
26 Шүүгчдийг чинь Би анхных шиг нь
Зөвлөхүүдийг чинь эхнийх шиг нь сэргээнэ.
Ингэсний дараа чи зөвт хот,
Итгэмжит хот гэж нэрлэгдэнэ.”
27 Тийнхүү Сион үнэн шударгаар,
Түүний гэмшигсэд нь үнэн зөвөөр золигдоно.
28 Харин урван тэрслэгсэд, нүгэлтнүүд хамтдаа сүйрнэ
ЭЗЭНийг орхигсод мөхнө.
29 Таашаасан царснаасаа болж тэд ичнэ.
Таалсан цэцэрлэгээсээ болж та нар гутамшиг болно.
30 Учир нь та нар навчаа гөвсөн царс мэт,
Ус нь үгүй цэцэрлэг адил болно.
31 Хүчит хүн өмхөрсөн мод мэт,
Үйлс нь оч мэт болно.
Тэд хоёул шатах агаад
Түүнийг нь унтраах хэн ч үгүй байна.
- 1:1 2Ха 15:1–7, 15:32—16:20, 18:1—20:21; 2Шс 26:1—32:33
- a1:8 Манаачийн овоохой.
- 1:9 Эх 19:24; Ром 9:29
- 1:11–14 Амо 5:21–22
- b1:22 Хог хаягдал, шаар шавхруу.