Дайснаас ангижрахын төлөө залбирал
10 1 ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсоно вэ?
Бэрх цагт Та яагаад нуугдана вэ?
2 Бардам зангаараа гэм буруутан нь
Зүдэрсэн хүнийг улангасан хөөж байна
Сэдсэн мэхэнд нь өөрсдийг нь унагаагаач!
3 Хорон муу хүн хүсэл тачаалаараа сайрхдаг
Шунахай хүн ЭЗЭНийг хараан үл ойшоодог
4 Буруу явдалт хүн бардам нүүрлэдэг
Бурханыг эс хайдаг
Бүхий л бодол санаанд нь “Бурхан байдаггүй” аж.
5 Түүний зам ямагт бат бэх байж,
Таны шийтгэлүүд өндөрт,
Тэдний хараанаас гадуур байх юм даа!
Бүх дайснуудаа тэр доромжилдог агаад
6 Дотор сэтгэлдээ тэрээр
“Би огт ганхахгүй, үеэс үед зовлон бэрхшээлтэй учрахгүй” гэдэг.
7 Тэдний аманд хараал, ов мэх, дарамтлал дүүрэн*
Тэдний хэлэнд төвөг садаа, ёс бус нь байдаг.
8 Тэрээр тосгодын хавиар бүгж
Далдхан газруудад гэмгүй хүнийг алдаг.
Нүд нь, ядуу хүнийг нууцхан хайж байдаг.
9 Арслан нүхэндээ мяраадаг шиг
Тэрээр нууц газруудад хэвтдэг
Ядарсан нэгнийг барихаар
Тэрээр хүлээн хэвтдэг.
Тэгээд ядарсан нэгнийг
Торондоо оруулж барьдаг.
10 Тэр мяраан атийн хэвтдэг бөгөөд
Ядуучууд түүний хүчирхийлэлд унадаг.
11 Тэгээд дотроо “Бурхан мартсан. Тэр нүүрээ нуусан,
Хэзээ ч үүнийг харахгүй” гэдэг.
12 ЭЗЭН, босооч!
Бурхан, мутраа өргөөч!
Ядуусыг бүү мартаач.
13 Бурханыг юунд буруут нь харааж,
Дотроо “Та буцааж нэхэхгүй” гэдэг вэ?
14 Харин Та харж л байдаг
Зовлон зүдүүр, уур унтууцлыг ажиж байдаг
Та мутраараа сунган тусалдаг тул
Ядуу хүн Танд найддаг.
Та өнчин хүмүүсийн туслагч байсаар ирсэн билээ.
15 Бурууг үйлдэгч ба ёр мууг хийгчдийн гарыг хугалж,
Юу ч олохгүй болтлоо
Гэм бурууг нь хайн илрүүлээч!
16 ЭЗЭН үүрд мөнхөд Хаан юм
Түүний газар нутгаас үндэстнүүд устгагдсан билээ.
17 ЭЗЭН, Та даруу хүний хүсэлтийг сонсдог тул
Зүрхийг нь батжуулж, чихээ тавин сонсооч!
18 Эцэггүй хүмүүс, өнчдийг Та өмгөөлөөч
Энэ дэлхийн хүмүүс дахиж сүрдүүлэхгүй болгооч!
- 10:7: Ром 3:14