Баялагт найдсан мунхаглал
Удирдаачид. Корагийн хөвгүүдийн дуулал.
49 1 Бүх хүмүүс ээ, сонс.
Ертөнц дэлхийн бүх оршин суугчид аа, чих тавь.
2 Хүн төрөлхтөн, хүний хөвгүүд
Баян ядуу аль аль нь сонсоцгоо.
3 Миний ам мэргэн ухааныг хэлэх бөгөөд
Миний зүрхний бясалгал ухаарал юм.
4 Би сургаалт үгэнд чихээ хандуулна.
Би таавраа босоо ятгаар тайлна.
5 Хилэнцэт хүмүүс намайг бүсэлсэн
Хэцүү хүнд өдөр би юунаас айх вэ?
6 Эд хөрөнгөндөө тэд итгэж,
Элбэг баялгаараа тэд сайрхдаг юм.
7 Гэвч хэн нэгний амийн төлөөх
Золилт үнэхээр байхгүй.
Бурханд төлж чадах төлөөс гэж ч байхгүй.
8 Учир нь амийн төлөөс нь үнэ цэнтэй,
Хэн ч мөнхөд төлж баршгүй.
9 Үхлийн булшийг үзүүлэлгүйгээр
Үүрд амьдруулж чадах хүн гэж үгүй.
10 Мэргэн хүмүүс ч үхдэгийг хүн хардаг.
Мунхаг ба бүдүүлэг нь ч сөнөдөг
Эд хөрөнгөө бусдад үлдээнэ.
11 Газар нутгаа тэд өөрсдийнхөө нэрээр нэрлэвч
Булш нь тэдний үүрдийн орон гэр
Үеийн үед суух газар нь байна.
12 Хүндэтгэл дотроо хүн
Хоноглож үл чадах агаад
Тэрээр мөхөс адгуустай л адил.
13 Энэ нь мунхгаар найдагсдын замa бөгөөд
Тэдний үгийг сайшаагчдын төгсгөл болой. Села
14 Тэд хонь шиг
Үхэгсдийн оронд товлогдож,
Үхэл тэднийг хоньчилдог.
Чигч шударга нэгэн тэднийг өглөөд захирна.
Хэлбэр дүрс нь арилж,
Үхэгсдийн орон тэдний
Оршин суух газар болно.
15 Харин Бурхан амийг минь
Үхэгсдийн орны гараас золино.
Учир нь Тэр намайг авна. Села
16 Хүн баяжиж,
Гэр орных нь хөрөнгө нэмэгдэхэд бүү ай.
17 Тэр үхэхдээ юу ч авч явахгүй.
Түүний алдар ч араас нь явахгүй.
18 Амьддаа тэр өөрийгөө жаргалтай гэж тооцон
Сайныг өөртөө үйлдэж
Хүмүүс түүнийг магтдаг боловч
19 Эцэг өвгөдийнхөө хойноос хүн явдаг
Эгнэгт тэгээд гэрлийг үзэхгүй.
20 Үнэ хүндтэй ч үл ухаарах хүмүүн бол
Үхэж мөхөх адгуустай адил.
- a49:13 ЭЗО: тэдний тавилан