Бурханы тусламжид бат итгэхүй
Удирдаачид. Давидын дуулал.
41 1 Дорой хүмүүсийг анхааран асрагч нь
Юутай ерөөлтэй вэ!
Зовлонт бэрх өдөр нь
ЭЗЭН түүнийг аварна.
2 ЭЗЭН түүнийг хамгаалан амьдруулна,
Тэрээр газар дэлхий дээр ерөөлтэй гэгдэнэ.
Түүнийг дайсных нь хүсэлд бүү өгөөч.
3 Орондоо түүнийг сульдан хэвтэж байхад нь
ЭЗЭН тэтгэнэ,
Өвчтэй байхад нь Та сэргээн босгоно.
4 Би “ЭЗЭН, намайг нигүүлсээч,
Таны эсрэг нүгэл үйлдсэн тул
Сэтгэлийг минь эдгээгээч” гэсэн.
5 Дайснууд минь намайг муулан
“Тэр хэзээ үхэж, нэр нь үгүй болох вэ?” гэж ярилцав.
6 Намайг үзэхээр ирээд
Хуурмаг хоосныг ярина.
Хорон муу санаа дотроо агуулаад
Гадагш гарч түүнийгээ тараана.
7 Намайг үзэн ядагч бүхэн
Миний тухай шивнэлдэнэ.
Намайг хорлохоор тэд хуйвалдаж
8 “Хорт өвчин тусжээ цаадах чинь
Хэвтрээсээ дахиж босохгүй” гэцгээнэ.
9 Миний итгэдэг дотнын найз,
Миний талхыг идэж байсан нэгэн нь
Миний эсрэг өсгийгөө өргөв.*
10 Гэвч ЭЗЭН, Та намайг нигүүлсэж,
Тэдэнд хариу барихын тулд намайг босгооч.
11 Дайсан минь намайг ялсан дуугаар хашхирдаггүй.
Та намайг таалдгийг би үүгээр мэддэг.
12 Та намайг үнэнч байдлын минь дунд түшиж,
Намайг мөнхөд өмнөө байлгадаг билээ.
13 Израилын Бурхан ЭЗЭН
Мөнхийн мөнхөд магтагдаг!*
Амен, амен.
- 41:9 Мт 26:23; Мк 14:18; Лк 22:21; Иох 13:18
- 41:13 Дуу 106:48