Ялалтын төлөөх залбирал
Удирдаачид: Шушан Едутын дагуу. Арам-Нахараим болон Арам-Зоба нартай Давид тулалдсан тэр үед Иоаб буцахдаа Давст хөндийд Едомын арван хоёр мянган хүнийг устгасан үеийн, сургахад зориулсан Давидын миктам.

60 1 Бурхан, Та биднээс татгалзжээ.
Та биднийг цохиж, хилэгнэжээ.
Одоо бидэн рүү эргээч.
2 Газрыг доргиож, Та цуулжээ.
Гавыг нь бөглөөч, газар чичирч байна
3 Ард түмэндээ Та бэрхийг үзүүлж
Гуйвуулдаг дарсыг бидэндээ уулгажээ.

4 Үнэний төлөө өргүүлэхээр Та
Өөрөөс тань эмээдэг хүмүүст тугийг өгсөн. Села
5 Таны хайртууд чөлөөлөгдөхийн тулд
Баруун мутраараа аварч, бидэнд хариулаач.

6 Бурхан ариун газартааa айлдахдаа
“Би ихэд баярлана,
Би Шехемийг хувааж,
Суккотын хөндийг хэмжинэ.
7 Гилеад Минийх, Манассе ч Минийх.
Ефраим ч Миний толгойн дуулга.
Иуда бол очирт таяг минь.

8 Моаб Миний угаалгын сав.
Едомын дээр Би гутлаа шиднэ.
Филистийн дээгүүр Би
Ялгууснаар хашхирна” гэв.

9 Хэн намайг бэхлэгдсэн хотод авчрах вэ?
Хэн намайг Едом руу хөтлөх вэ?
10 Өө, Бурхан, Та Өөрөө
Биднээс татгалзсан гэж үү?
Өө, Бурхан, Та
Манай цэрэгтэй хамт давшихгүй гэж үү?
11 Өстний эсрэг бидэнд туслаач,
Учир нь хүнээр авруулах нь дэмий хоосон юм.
12 Бурхантай хамт бид зоригтой байна.
Өстнүүдийг маань гишгэлэгч нь
Тэр билээ.


  • a60:6 Өөрийн сүмээсээ эсвэл ариунаасаа