ТАВДУГААР НОМ
(Дуулал 107–150)
Түмэн зовлонгоос гэтэлгэсний талархал
107 1 ЭЗЭНд талархагтун!*
Тэрээр сайн бөгөөд
Түүний хайр энэрэл мөнхийнх.
2 Өстний гараас Түүний зольсон,
ЭЗЭНээр золигдсон хүмүүс ийн өгүүлэг.
3 Өрнө хийгээд дорно,
Өмнө хийгээд умар,
Нутаг бүрээс тэднийг цуглуулсан билээ.
4 Тэд цөлд зэлүүд замаар тэнэж,
Оршин суугчидтай хотыг эс олов.
5 Өлсөж, цангаад сэтгэл нь сульджээ.
6 Гай зовлон дундаа тэд ЭЗЭН рүү хашхирахад,
Гамшиг зүдгүүрээс нь Тэр тэднийг аварчээ.
7 Оршин суугчидтай хот руу явуулахаар
Тэр бас тэднийг шулуун замаар хөтөлсөн.
8 Энэрэл хайрынх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө
ЭЗЭНд талархагтун!
9 Учир нь цангасан хүнийг
Тэрээр хангалуун болгож,
Өлссөн хүнийг сайн зүйлсээр дүүргэдэг билээ.
10 Зарим нь харанхуйд, үхлийн харанхуйд сууж
Зовлон зүдүүр, төмөр гинжний хоригдлууд болсон.
11 Учир нь тэд Бурханы үгэнд тэрслэн
Хамгийн Дээд Нэгэний зөвлөгөөг зэвүүцсэн юм.
12 Тэдний зүрх хүчир хөдөлмөрт номхорч,
Тэд бүдрэн унасан бөгөөд хэн ч туслаагүй юм.
13 Гай зовлон дундаа тэд ЭЗЭН рүү хашхирахад,
Гамшиг зүдгүүрээс нь Тэр тэднийг аварчээ.
14 Харанхуй, үхлийн харанхуйгаас тэднийг гаргаж,
Хүлээсийг нь Тэрээр тасалсан юм.
15 Энэрэл хайрынх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө
ЭЗЭНд талархагтун!
16 Хүрэл гулдан хаалгыг Тэрээр хэмхэлж,
Хөндөл төмрийг нь хугалсан билээ.
17 Тэрслүү зам, хилэнцээсээ болж
Тэнэгүүд зовжээ.
18 Тэдний сэтгэл бүхий л хоолонд дургүйцэж
Үхлийн үүд хаалганд ойртжээ.
19 Гай зовлон дундаа тэд ЭЗЭН рүү хашхирахад,
Гамшиг зүдгүүрээс нь Тэр тэднийг аварчээ.
20 Үгээ илгээн тэднийг эдгээж,
Мөхлөөс нь Тэрээр аварсан юм.
21 Энэрэл хайрынх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө
ЭЗЭНд талархагтун!
22 Тэд бас талархлын тахилуудыг өргөг!
Түүний үйлсийг уухайн дуугаар тунхаглаг!
23 Усан онгоцоор далайд гарагчид,
Их усан дээр наймаа эрхлэгчид
24 ЭЗЭНий үйлсийг хийгээд
Гүнд буй гайхамшгуудыг нь харж байна.
25 Учир нь Тэр тушаан салхи шуургыг босгоод,
Түүгээр давлагааг хуйлруулав.
26 Тэд тэнгэр өөд гарч,
Оёоргүй гүнд эргэн буужээ.
Гамшгийн улмаас тэдний сэтгэл мохжээ.
27 Тэд согтуу хүн шиг дороо эргэлдэн гуйвж,
Оюун ухаан нь самуурчээ.
28 Гай зовлон дундаа тэд ЭЗЭН рүү хашхирахад,
Гамшиг зүдгүүрээс нь Тэр тэднийг аварчээ.
29 Шуургыг Тэрээр намжааж,
Далайн давлагаануудыг аядуулжээ.
30 Шуурга намжсанд тэд баярлалдаж,
Хүссэн боомт руу нь Тэрээр замчилсан.
31 Энэрэл хайрынх нь төлөө,
Хүний хөвгүүдэд үйлдсэн гайхамшгуудынх нь төлөө
ЭЗЭНд талархагтун!
32 Ард түмнүүдийн цуглаанд Түүнийг өргөмжлөг,
Ахмадуудын чуулаанд Түүнийг магтаг.
33 Тэрээр гол мөрнүүдийг цөл,
Усан булгуудыг улайдмал шороо,
34 Шимтэй газрыг хужиртай болгодог нь
Тэнд оршин суугчдын ёрын муугаас болдог юм.
35 Тэрээр цөлийг усны цөөрөм,
Хагсмал газрыг усны булгууд болгож,
36 Тэнд өлссөн хүмүүсийг суулгадаг бөгөөд
Тэднээр оршин суугчидтай хот босгуулан
37 Талбайд тариа тариулдаг.
Үр жимс арвинтай ургацыг хураалгахын тулд
Усан үзмийн талбай байгуулуулдаг.
38 Машид олшруулахаар тэднийг бас ерөөдөг бөгөөд
Мал сүргийг нь ч Тэрээр эс хорогдуулдаг.
39 Дарамт, арчаагүйдэл, уй гашуугаар
Тэд цөөрч, доройтсон үед нь
40 Тэрээр ноёдод зэвүүцлээ юүлж,
Замгүй, зэлүүд газраар
тэднийг тэнүүчлүүлдэг.
41 Харин Тэрээр гачигдагсдыг
Зовлон зүдүүрээс өндөрт өргөж,
Тэдний гэрийнхнийг хонин сүрэг мэт өсгөдөг.
42 Чигч шударга хүн үүнийг хараад баяртай байна.
Хамаг гэмт байдал амаа хамхина.
43 Мэргэн хэн боловч
Эдгээр зүйлийг анхаарч,
ЭЗЭНий хайр энэрлийг ойлгогтун!
- 107:1 1Шс 16:34; 2Шс 5:13, 7:3; Езр 3:11; Дуу 100:5, 106:1, 118:1, 136:1; Иер 33:11