Бүхнийг шүүгч-Израилын Бурхан
Удирдаачид: Чавхдаст хөгжимд. Асафын дуулал. Дуу.
76 1 Бурхан Иудад мэдэгдсэн байна.
Түүний нэр Израилд аугаа.
2 Түүний асар Салемд,
Орших газар нь Сионд байна.
3 Тэрээр галтай сумнууд,
Бамбай, илд ба дайны зэвсгүүдийг
Тэнд хугалжээ. Села
4 Уул овоо шиг олзноос ч,
Та илүү гялбам, илүү сүр жавхлантай.
5 Бат бэх зүрхтнүүд
Олзоо дээрэмдүүлээд нойрсон унтацгаав.
Дайчин эрсийн хэн нь ч
Гараа өргөж эс чадав.
6 Иаковын Бурхан, Таны зэмлэлээр
Морьтон хийгээд морь нь
Гүн нойронд автжээ.
7 Танаас, зөвхөн
Танаас эмээвэл зохино.
Таныг нэгэнт уурлах үед
Хэн өмнө тань тэсэх вэ?
8 Тэнгэрээс шүүлтийг Та сонсгов.
9 Дэлхийн дорд хүмүүн бүхнийг аврахаар
Шүүхийн төлөө Бурханыг босох үед
Газар айж, дуугүй байв. Села
10 Хүмүүн уурласан ч Та магтагдана.
Хилэнгийнхээ үлдэгдлийг Та бүс мэт зүүнэ.
11 ЭЗЭН Бурхандаа тангараглаж,
Түүнийгээ биелүүл.
Эмээвэл зохих Түүнд,
Түүнийг хүрээлэгчдэд бэлгүүдийг баригтун.
12 Тэрээр ноёдын сүнсийг номхотгодог.
Дэлхийн хаад Түүнээс айдаг.