ХОЁРДУГААР НОМ
(Дуулал 42–72)
Бурханыг хүсэмжлэхүй
Удирдаачид. Корагийн хөвгүүдийн маскил.
42 1 Буга урсгал усыг хүсэхийн адил
Бурхан Таныг сэтгэл минь хүснэ,
2 Бурханаар, амьд Бурханаар сэтгэл минь цангана,
Би хэзээ явж, Бурханд бараалхах вэ?
3 Хүмүүс надад
“Чиний Бурхан хаана байна?” гэж өдөржин хэлэхэд
Нулимс минь өдөр шөнөгүй миний хоол болов.
4 Урьд нь би баяр тэмдэглэж буй олон түмний дунд явж,
Баяр хийгээд талархал өргөх уухайгаар
Тэднийг Бурханы өргөө рүү
Цуваагаар дагуулдаг байлаа.
Эдгээр зүйлийг л би санаж,
Сэтгэлдээ шаналан өвдөж байна.
5 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймэрнэ вэ?
Бурханд найд,
Учир нь Түүний оршихуйн авралын төлөө
Би Түүнийг дахин магтах болно.
6 Бурхан минь ээ,
Сэтгэл минь миний дотор цөхөрсөн байна.
Тиймээс би Таныг Йордан нутаг,
Хермон ба Мизар уулаас дурсдаг.
7 Таны хүрхрээнүүдийн дуунд
Оёоргүй гүн оёоргүй гүнийгээ дууддаг.
Таны бүх давлагаа, долгио намайг нөмрөв.
8 ЭЗЭН өдрөөр энэрэл хайраа тушаана.
Шөнөөр Түүний дуу болох
Амьдралын минь Бурханд хандсан залбирал
Надтай хамт байна.
9 Өөрийн минь хад болсон Бурханд би
“Юунд Та намайг мартсан бэ?
Юунд би дайсны дарангуйллаас болж
Гашуудан явна вэ?” гэж хэлнэ.
10 Ясыг минь бяцлах шиг
Өстнүүд минь намайг буруутгана.
Өдөржин тэд надад
“Бурхан чинь хаана байна?” гэцгээнэ.
11 Сэтгэл минь ээ, чи юунд цөхөрнө вэ?
Яагаад чи миний дотор үймэрнэ вэ?
Бурханд найд!
Учир нь би миний Бурхан, миний тусламж
Түүнийгээ л магтах болно.