ДӨРӨВДҮГЭЭР НОМ
(Дуулал 90–106)
Бурхан үүрд, хүмүүн зуурд
Бурханы хүн Мосегийн залбирал.
90 1 Аяа Эзэн, Та үеийн үед бидний орших газар билээ.
2 Уулс бий болохоос ч өмнө,
Дэлхий ертөнцийг Та төрүүлэхээс ч өмнө,
Өнө мөнхөөс өнө мөнхөд Та л Бурхан билээ.
3 Та хүнийг тоос шороонд нь буцаахдаа
“Хүний хүүхдүүд ээ, буцагтун” гэж айлддаг.
4 Учир нь Таны мэлмийд мянган жил бол
Өнгөрөн одож буй өчигдөр мэт
Шөнийн манаа мэт буюу.*
5 Тэд өглөөд шинээр соёолон буй өвс мэт байдаг.
Та тэднийг үерийн ус шиг хамахад тэд нойрсдог.
6 Өглөө тэр нь цэцэглэж, соёолно.
Үдэш нь тэр хагдран хатна.
7 Учир нь бид Таны хилэнгээр эцэслэж,
Таны ууранд бид айн сүрддэг.
8 Та хилэнцийг маань өмнөө тавьж,
Нууцыг маань оршихуйнхаа гэрэлд гаргадаг.
9 Учир нь хамаг өдрүүд маань
Таны хилэнгийн дунд өнгөрчээ
Санаа алдах мэт он жилүүдээ бид дуусгажээ.
10 Амьдралын маань өдөр хоногууд далан жил
Хүч чадалтай байх аваас наян жил боловч
Тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашуу дунд өнгөрнө.
Тэгэвч энэ нь ч өнгөрч, бид халин одно.
11 Таны уурын хүч чадлыг болон
Танаас эмээх хэр хэмжээгээр
Таны хилэнг хэн ойлгох вэ?
12 Иймээс бид мэргэн зүрхийг олж авахын тулд
Өдрүүдээ тоолохыг бидэнд зааж өгөөч!
13 Аяа ЭЗЭН, буцаж ирээч
Хэдий болтол ингэх вэ?
Зарц нараа өрөвдөөч!
14 Өглөөд биднийг хайр энэрлээрээ хангаач!
Бид баясгалантайгаар дуулж,
Бүхий л өдрүүддээ баярлана.
15 Биднийг зүдрээсэн өдрийнхөө тоогоор,
Муугаа үзсэн жилүүдийн маань тоогоор
Биднийг баярлуулаач!
16 Өөрийнхөө үйлсийг зарц нартаа,
Сүр жавхлангаа хүүхдүүдэд нь үзүүлээч!
17 Эзэн Бурханы маань ивээл
Бидэн дээр байх болтугай!
Бидний гарын үйлсийг
Бидний төлөө бат тогтоогооч!
Тийм ээ, гарын маань үйлсийг
бат тогтоогооч!
- 90:4 2Пт 3:8