Бурханы энэрэлд талархахуй
Дуулал. Амралтын өдөрт зориулсан дуу.

92 1 ЭЗЭНд талархлыг өргөх нь сайн.
Хамгийн Дээд, Таны нэрийг магтах нь сайн.
2 Өглөө Таны хайр энэрлийг,
Шөнөөр Таны үнэнийг,
3 Арван утаст хуур, ятга, босоо ятгаар,
Аялгуулан дуулах нь сайн.
4 Учир нь ЭЗЭН Та үйлсээрээ
Намайг баярлуулсан бөгөөд
Би Таны гарын бүтээлүүдийг
Баясгалантайгаар дуулна.

5 Аяа ЭЗЭН, Таны үйлс хэчнээн аугаа вэ!
Таны бодлууд гүн гүнзгий юм.
6 Бодлогогүй хүн үүнийг мэдэхгүй,
Тэнэг хүн түүнийг ухаарахгүй.
7 Гэм буруутан өвс шиг соёолж,
Ёс бусыг үйлдэгчид бүгд цэцэглэх нь
Тэд мөнхөд устгагдахын тулд аж.
8 Харин ЭЗЭН Та мөнхөд эрхэм дээд билээ.
9 Учир нь үзтүгэй ЭЗЭН, Таны дайснууд,
Учир нь үзтүгэй, Таны дайснууд сөнөнө.
Ёс бусыг үйлдэгчид бүгд бусниулагдана.

10 Харин Та эврийг минь
Зэрлэг үхрийнх мэт өргөмжилсөн.
Та над дээр шинэхэн тос цутгасан.
11 Нүд минь миний дайснуудын уналыг харж,
Чих минь миний эсрэг мууг үйлдэгчдийн сүйрлийг сонсдог.

12 Зөвт хүн далдуу мод шиг цэцэглэж,
Ливан дахь хуш мод шиг ургана.
13 ЭЗЭНий өргөөнд тэд суулгагдаж
Бурханы маань хүрээнүүдэд тэд цэцэглэнэ.
14 Хөгширсөн ч тэд жимс гаргана.
Шүүслэг бас ногоон хэвээрээ байна.
15 Энэ нь ЭЗЭН шударга гэдгийг тунхаглахын тулд юм.
Тэр бол миний хад минь бөгөөд
Түүн дотор зөвт бус юм гэж үгүй.