ГУРАВДУГААР НОМ
(Дуулал 73–89)
Дарлагчаас чөлөөлөгдөхийн төлөө гуйлт
Асафын дуулал.
73 1 Бурхан Израилд үнэхээр сайн.
Зүрх цэвэр хүнд бас сайн.
2 Харин би хөл алдах шахав.
Алхам минь халтирах дөхөв.
3 Учир нь гэм буруутны амжилтыг хараад
Сайрхагчид би атаархсан юм.
4 Тэд үхэх цагтаа зүдүүргүй агаад
Бие хаа нь тарган цатгалан.
5 Тэд бусад хүмүүс шиг зовлонгүй,
Хүн төрөлхтөн шиг ч гай гамшиггүй.
6 Тиймээс бардамнал нь
Тэдний хүзүүний зүүлт болж,
Хүчирхийллийн хувцас тэднийг нөмөрдөг.
7 Таргалснаас болж нүд нь бүлтэрч
Тэдний зүрх нүглээр урсдаг.
8 Элэглэж, дарангуйлал, мууг өгүүлэлцэж,
Ихэмсгээр бас ярьцгаана.
9 Ам нь тэнгэрсийг эсэргүүцнэ,
Хэл нь газар дэлхийгээр хэсүүчилнэ.
10 Тиймээс Түүний хүмүүс эргэн ирж,
Тэдний бялхам их усыгa ууна.
11 Тэд “Бурхан яаж мэддэг юм бэ?
Хамгийн Дээд Нэгэнд мэдлэг байдаг уу?” гэцгээнэ.
12 Харагтун, эдгээр нь гэмт хорон хүмүүс юм.
Үргэлж тэд санаа амар байж
Эд хөрөнгөө арвижуулдаг.
13 Гэтэл үнэндээ би зүрхээ
Дэмий л зэмгүй цэвэр байлгаж,
Гараа гэмгүй байдал дотор дэмий л угаалаа.
14 Өдөржин би сахилгажуулагдаж,
Өглөө бүр гэсгээл хүртэж байна.
15 Хэрвээ би “Би ингэж ярина” гэсэн бол,
Харагтун, би Таны хүүхдүүдийн үе удмаас урвах байсан.
16 Үүнийг ойлгохоор бодох үед минь
Надад маш хэцүү байлаа.
17 Бурханы ариун газарт орох хүртэл минь
Энэ бүхэн үргэлжиллээ.
Тэгээд л би тэдний эцсийг ухаарсан юм.
18 Үнэндээ Та тэднийг халтиргаатай газар байлгаж
Мөхөл рүү тэднийг хаяжээ.
19 Хоромхон зуур тэд сүйрчээ!
Гэнэтийн аймшгаар бүрмөсөн сүйтгэгджээ!
20 Зүүднээс сэрэх мэт ЭЗЭН Та босоод,
Тэдний дүр төрхийг нь ч үл ойшоожээ.
21 Зүрх минь гашуудан
Дотроо би цоо хатгагдах үедээ
22 Би тэнэг, ухвар мөчид байж
Таны өмнө би адгуус адил байжээ.
23 Гэсэн ч би үргэлж Тантай хамт
Та баруун гараас минь барьдаг.
24 Та намайг зөвлөгөөгөөрөө удирдаж,
Хожим намайг сүр жавхланд угтан авна.
25 Тэнгэрт Танаас гадна
Хэн надад байгаа вэ?
Танаас өөр юуг ч
Газар дээр би үл хүснэ.
26 Бие махбод хийгээд зүрх минь
Бүтэлгүйтэж болох хэдий ч,
Бурхан мөнхөд зүрхний минь хад
Хувь ногдол минь юм.
27 Учир нь, харагтун,
Танаас хол байгчид нь сөнөх болно.
Танд итгэлгүй бүгдийг
Та устгасан билээ.
28 Харин Бурханд ойр байх нь надад сайн.
Таны бүх үйлсийг тунхаглахын тулд
Би Эзэн БУРХАНыг
Хоргодох газраа болгосон.
- a73:10 бялхам их усыг: Өмнөх эшлэлд гарч буй хүмүүсийн яриаг Бурханы хүмүүс шимтэн сонсох тухай илэрхийлж байна.