Итгэлийн дуу
Удирдаачид: Иедутуны дагуу Давидын дуулал.
62 1 Сэтгэл минь Бурханыг л чимээгүйхэн хүлээнэ.
Аврал минь Түүнээс юм.
2 Ганцхан Тэр л миний хад,
Миний аврал, миний бат цайз
Тиймээс би тэгтлээ их ганхахгүй.
3 Нурж буй хана,
Ганхаж буй хашаа мэт хүнийг
Алах гэж та нар бүгдээрээ
Хэдий болтол довтлох вэ?
4 Тэд түүнийг өндрөөс унагахаар хуйвалдав.
Тэд худал хуурмагийг таашаажээ.
Тэд амаараа ерөөх боловч,
Дотроо харааж байна. Села
5 Сэтгэл минь, Бурханыг л хүлээ,
Учир нь найдвар минь Түүнээс юм.
6 Зөвхөн Тэр л миний хад,
Миний аврал,
Миний бат цайз
Би ганхахгүй.
7 Бурханд миний аврал ба алдар,
Бурханд миний хүч чадлын хад,
Хоргодох газар минь байдаг.
8 Хэзээд Түүнд итгэ, хүмүүс ээ
Түүний өмнө зүрхээ уудал.
Бурхан бидний хоргодох газар юм. Села
9 Доодос гэдэг ердөө л амьсгал
Дээдэс гэдэг хоосон худал
Дэнсэн дээр тавих аваас
Тэд нийлээд амьсгал төдий.
10 Сүрдүүлж авах явдалд бүү найд.
Тонож авах явдалд ч дэмий бүү дулдуйд.
Чадал чинээ өсөж нэмэгдвэл
Зүрхээ тэрэнд бүү тогтоо.
11 Хүч чадал Бурханых гэдгийг,
Бурхан нэг удаа айлдсан
Би хоёр удаа сонссон.
12 Эзэн, хайр энэрэл ч Таных
Учир нь Та хүн бүрд
Үйлдсэнийх нь дагуу хариулдаг.*
- 62:12 Иов 34:11; Иер 17:10; Мт 16:27; Ром 2:6; Илч 2:23