Бурханы сэтгэл ба Израилын умартал
Асафын маскил.
78 1 Хүмүүс минь ээ, хуулийг минь сонс.
Хэлэх үгэнд минь чих тавигтун.
2 Сургаалт зүйрлэлээр амаа нээнэ,
Эртний таавар үгсийг би хэлнэ.*
3 Тэдгээрийг бид сонссон, мэдсэн бөгөөд
Эцэг өвгөд маань ч бидэнд хэлж өгсөн.
4 Тэдгээрийг хүүхдүүдээс нь бид нуухгүй.
Харин ирэх үеийнхэнд ЭЗЭНий магтаалыг,
Түүний хүч чадал
Үйлдсэн гайхамшигт ажлуудыг нь тунхаглан ярина.
5 Учир нь Тэрээр Иаковын дотор зарчмыгa тавьж,
Израилын дотор хуулийг тогтоосон.
Тэдгээрийг үр хүүхдүүддээ мэдүүлэхийг
Эцэг өвгөдөд маань Тэр тушаасан.
6 Энэ нь ирэх үеийнхэн,
Хойшид төрөх хүүхдүүд мэдээсэй гэсэндээ
Босоцгоож, өөрсдийн хүүхдүүдэд
Тунхаглан ярихын тулд юм.
7 Энэ нь тэд Бурханд итгэлээ тавьж,
Бурханы ажлуудыг үл мартаж,
Харин тушаалуудыг нь сахихын тулд юм.
8 Түүнчлэн эцэг өвгөд шигээ
Зөрүүд, тэрслүү үеийнхэн буюу
Зүрхээ шулуутгаагүй, сэтгэл нь Бурханд үнэнч бус
Тийм үеийнхэн шиг болохгүйн тулд юм.
9 Нум сумаар зэвсэглэсэн харваачид,
Ефраимын хөвгүүд тулалдааны өдөр ухарсан.
10 Бурханы гэрээг тэд сахин биелүүлээгүй,
Хуулиар нь алхахаас ч татгалзсан.
11 Түүний үйлсийг болоод
Өөрсдөд нь үзүүлсэн гайхамшгуудыг тэд мартсан.
12 Тэрээр Египет нутагт,
Зоаны хээр талд
Эцэг өвгөдийнх нь өмнө
Гайхамшгуудыг үйлдсэн билээ.*
13 Далайг хувааж, тэднийг дундуур нь гатлуулж,
Их усыг ч овоо мэт Тэр зогсоосон.*
14 Тэднийг өдөр үүлээр,
Шөнөжин галын гэрлээр
Тэр удирдсан.*
15 Цөлд хад чулуунуудыг Тэр хагалан
Оёоргүй гүнийх мэт арвин их усыг тэдэнд уулгасан.*
16 Бас хаднаас урсгал ус гаргаж,
Усыг гол мөрөн шиг урсгасан.
17 Гэсэн ч тэд Түүний эсрэг
Ахин дахин нүгэл үйлдэж,
Цөлд Хамгийн Дээд Нэгэний эсрэг тэрсэлсэн.
18 Өөрсдөдөө хоол хүнсийг гуйснаар
Зүрхэндээ Бурханыг тэд сорьсон.*
19 Тэд Бурханы эсрэг ярьж, хэлэхдээ
“Бурхан цөлд ширээ засаж чадах уу?
20 Харагтун, Тэрээр ус урстал хадыг цохиж,
Голыг цутгасан хэдий ч
Талх өгч бас чадах болов уу?
Тэрээр ард түмэндээ мах бэлтгэж өгнө гэж үү?” хэмээсэн.
21 Тиймээс ЭЗЭН сонсож, хилэгнэсэн.
Иаковын эсрэг галыг ноцоож,
Израилын эсрэг уурыг нэмэгдүүлсэн.
22 Учир нь тэд Бурханд үл итгэсэн,
Авралд нь ч эс найдсан.
23 Гэлээ ч дээр буй үүлсэд Тэр тушаан
Тэнгэрийн хаалгануудыг ч онгойлгосон.
24 Тэдэнд идүүлэх маннагаар
Дээрээс нь бороо оруулан
Тэр тэдэнд тэнгэрийн тариаг өгсөн.*
25 Тэнгэрэлч нарын талхыг хүн идсэн.
Тэдэнд хүнсийг Тэрээр бялхам ихээр илгээсэн.
26 Тэнгэрт дорнын салхийг үлээлгэж,
Хүч чадлаараа өмнөдийн салхийг ч Тэрээр тууж авчирсан.
27 Тэдэн дээр махыг тоос шороо мэт,
Шувуудыг далайн элс мэт буулгасан.
28 Хуарангийнх нь дунд,
Суудаг газрынх нь эргэн тойронд унагаасан.
29 Тэр тэдэнд шунан хүссэнийг нь өгсөн тул
Тийнхүү тэд идэж, сайн цадацгаасан.
30 Харин шунал хүсэл нь ханаагүй тул
Хоол нь тэдний аманд байх зуур л
31 Бурханы уур хилэн тэдний дээр ирж,
Тэднээс хамгийн тарганыг нь алсан бөгөөд
Израилын шилдэг эрчүүдийг цохиж унагасан.
32 Ийм боловч тэд нүгэл үйлдсээр,
Гайхамшгуудад нь үл итгэсээр байв.
33 Тиймээс Тэрээр өдөр хоногуудыг нь утгагүй хоосноор,
Он жилүүдийг нь гэнэтийн аймшгаар дуусгасан.
34 Өөрсдийг нь алах цагт тэд Түүнийг хайж,
Түүнийг дахин чин сэтгэлээс хайсан.
35 Бурхан тэдний хад байсныг,
Хамгийн Дээд Бурхан тэдний Аврагч байсныг
Тэд санадаг байсан.
36 Харин тэд амаараа Түүнд бялдуучилж,
Хэлээрээ Түүнд худал ярьсан.
37 Учир нь тэдний зүрх Түүнд шударга бус,
Түүний гэрээнд тэд үнэнч бус байсан.
38 Харин Тэр өршөөнгүй байж
Хилэнц нүглийг уучилж, эс устгасан.
Уураа олонтоо эргүүлэн авч,
Бүхий л хилэнгээ Тэр эс хөдөлгөсөн.
39 Учир нь тэд махбод төдий,
Нэг өнгөрөөд эргэн ирдэггүй салхи болохыг нь
Тэрээр санасан билээ.
40 Цөлд Түүнтэй тэд хэчнээн их тэрсэлж,
Зэлүүд талд Түүнийг хэчнээн их гашуудуулсан бэ!
41 Дахин дахин Бурханыг сорьж,
Израилын Ариун Нэгэнийг тэд өвтгөсөн.
42 Түүний мутрыг,
Өөрсдийг нь өстнөөс аварсан өдрийг нь ч тэд санаагүй.
43 Тэрээр тэмдгүүдээ Египетэд,
Гайхамшгуудаа Зоаны хээр талд харуулсан.
44 Тэдний гол мөрнүүдийг,
Усны урсгалуудыг цус болгон хувиргаж,
Египетчүүд ууж чадахгүй болгосныг ч санаагүй.*
45 Тэдний эсрэг залгисан бөөн ялааг
Сүйрүүлэгч мэлхийнүүдийг
Тэрээр дунд нь илгээсэн.*
46 Бас үр тариаг нь төөлүүр хорхойд,
Хүч хөдөлмөрийг нь царцаанд Тэр өгсөн.*
47 Усан үзмийн моддыг нь мөндөрт,
Ялам моддыг нь хяруунд Тэр цохиулсан.*
48 Бас мал сүргийг нь мөндөрт,
Хонин сүргийг нь аянгад Тэр ниргүүлсэн,
49 Гай зовлонгийн тэнгэрэлч нараар
Шатаж буй уур, хилэн, зэвүүцэл
Зовлон шаналанг Тэр илгээсэн,
50 Тэрээр хилэнгийнхээ замыг тэгшилсэн.
Сэтгэлийг нь үхлээс хэлтрүүлээгүй,
Амийг нь Тэрээр гай гамшигт тушаасан.
51 Египетийн бүх ууганыг,
Хамын майхан дахь чадлынх нь охийг цохисон.*
52 Харин Өөрийн ард түмнийг
Хонь шиг хөтлөн гаргаж,
Хонин сүрэг мэт цөлд удирдсан.*
53 Тэднийг айхгүй байхаар, аюулгүйгээр Тэр удирдсан.*
Харин дайснууд нь далайн усанд автсан.
54 Ингээд Тэр тэднийг ариун нутаг дэвсгэртээ,
Баруун мутраараа олж авсан энэ ууланд авчирсан.*
55 Бас үндэстнүүдийг өмнөөс нь хөөн зайлуулж,
Тэдэнд газрыг шавгаар хуваарилан
Израилын овгуудыг Тэрээр
Өөр өөрсдийнх нь майхнуудад суулгасан.*
56 Гэвч тэд Хамгийн Дээд Бурханыг сорин
Түүнтэй тэрсэлж, зарчмуудыг нь сахиагүй. *
57 Харин эцэг өвгөд шигээ урваж мэхэлсэн.
Оньгүй нум шиг тэд мурийжээ.
58 Мөргөлийн өндөрлөгүүдээрээ Түүнийг уурлуулж,
Сийлмэл хөргүүдээрээ хардалтыг нь хөдөлгөжээ.
59 Бурхан сонсоод, уур хилэнгээр дүүрч,
Израилыг ихэд жигшсэн.
60 Ингээд Тэр Шилоb дахь асрыг,
Хүмүүсийн дунд босгосон майхныг орхиж,*
61 Хүч чадлаа олзлолд,
Сүр жавхлангаа өстний гарт өгсөн.*
62 Тэрээр ард түмнээ илдэнд тушааж,
Өөрийн өвд уурлан хилэгнэсэн.
63 Залуусыг нь гал залгиж,
Онгон охидод нь хуримын дуу үгүй болсон.
64 Тахилч нар нь илдэнд унаж,
Бэлэвсэн эхнэрүүд нь гашуудаж ч чадсангүй.
65 Дараа нь Эзэн нойрноос мэт босжээ.
Дарс нь гарсан дайчин мэт сэржээ.
66 Өстнүүдээ араас нь цохиж,
Үүрдийн шившигт тэднийг Тэр оруулсан.
67 Тэрээр Ефраимын овгийг сонгоогүй
Иосефын майхныг хаясан.
68 Харин Иуда овгийг,
Өөрийн хайрласан Сион уулыг сонгосон.
69 Ариун газраа тэнгэр мэт,
Мөнхөд тогтоосон газар шиг
Тэр барьж босгосон.
70 Бас зарц Давидыгаа сонгон
Хонины хашаанаас авсан.*
71 Хургатай хоньдыг даган явахаас болиулан
Өөрийн ард түмэн Иаковыг,
Өөрийн өв Израилыг хариулуулахаар
Тэрээр Давидыг авчирсан.
72 Ингээд Давид тэднийг үнэнч сэтгэлээр хариулж,
Гарынхаа ураар удирдсан билээ.
- 78:2 Мт 13:35
- a78:5,56 евр. гэрчлэл
- 78:12 Гэт 7:8—12:32
- 78:13 Гэт 14:21–22
- 78:14 Гэт 13:21–22
- 78:15–16 Гэт 17:1–7; Тоо 20:2–13
- 78:18–31 Гэт 16:2–15; Тоо 11:4–23,31–35
- 78:24 Иох 6:31
- 78:44 Гэт 7:17–21
- 78:45 Гэт 8:1–6,20–24
- 78:46 Гэт 10:12–15
- 78:47–48 Гэт 9:22–25
- 78:51 Гэт 12:29
- 78:52 Гэт 13:17–22
- 78:53 Гэт 14:26–28
- 78:54 Гэт 15:17; Иош 3:14–17
- 78:55 Иош 11:16–23
- 78:56 Шүү 2:11–15
- b78:60 Шило: Давид хаанаас өмнө израилчуудын мөргөлийн төв газар байв.
- 78:60 Иош 18:1; Иер 7:12–14, 26:6
- 78:61 1См 4:4–22
- 78:70–71 1См 16:11–12; 2См 7:8; 1Шс 17:7