Тэнгэрлэг суу ба хүмүүн зиндаа
Удирдаачид. Давидын дуулал, гит дээр.
8 1 ЭЗЭН, бидний Эзэн!
Таны нэр бүх газар дэлхийд
Юутай суу алдартай вэ!
Цог жавхлангаа Та тэнгэрсийн дээгүүр байрлуулжээ.
2 Өстнүүдээсээ болж
Хөхүүл хүүхдүүд, нялхсын амаар
Хүч чадлыг Та бататгасан нь
Дайсан ба хонзогногчийг
Дуугүй байлгахын тулд болой. *
3 Таны мутрын бүтээл тэнгэрсийг,
Таны цогцлоон байгуулсан сар, оддыг
Би тунгаан бодлоо.
4 Хүн гэгч юу болоод
Та түүнд санаа тавьж,
Хүмүүн гэгч юу болоод
Та түүнийг анхаарна вэ?*
5 Та түүнийг Бурханаасa арай дор болгож,
Алдар хүндийн титмийг түүнд өмсгөжээ.
6 Та түүнд мутрынхаа бүтээлүүдийг захируулж*
Та бүх юмсыг түүний хөл дор тавьсан нь
7 Хонь үхэр бүгд, мөн хээрийн араатан амьтад,
8 Тэнгэрийн шувууд болон далайн загас
Усан замаар сэлэгч бүхэн юм.
9 ЭЗЭН, бидний Эзэн!
Таны нэр бүх газар дэлхийд
Юутай суу алдартай вэ!
- 8:2 Мт 21:16
- 8:4 Иов 7:17–18; Дуу 144:3; Евр 2:6–8
- a8:5 эсвэл Өөрөөсөө эсвэл бурхдаас эсвэл тэнгэрэлч нараас
- 8:6 1Ко 15:27; Еф 1:22; Евр 2:8