Израилын дайсныг шүүхийн төлөө залбирал
Дуу. Асафын дуулал.

83 1 Аяа Бурхан, бүү дуугүй байгаач
Аяа Бурхан, бүү нам жим болооч,
Бүү амгалан байгаач.
2 Харагтун, дайснууд тань шуугьж,
Таныг үзэн ядагчид
Толгойгоо өргөсөн байна.
3 Ард түмний тань эсрэг
Тэд заль мэхийг төлөвлөж,
Нандигнадаг хүмүүсийн тань эсрэг
Тэд чуулалдаж байна.
4 Тэд “Израилын нэр ахин дурсагдахгүйн тулд
Очиж, тэднийг үндэстнээр нь арчицгаая” гэв.
5 Нэг зүрхээр хамтран хуйвалдаж,
Таны эсрэг тэд эвсэн нэгджээ.
6 Едомын майхнууд болон ишмаелчууд,
Моабынхан болон хагричууд,
7 Гебал, Аммон болон Амалек,
Филист, Тирийн оршин суугчид дээр
8 Ассири ч тэдэнтэй нэгдэж,
Лотын хөвгүүд ч тэдэнд тус дэм болжээ. Села

9 Мидианд үйлдсэн шиг,
Кишон голын дэргэд
Сисера, Иабин нарт үйлдсэн шигээ
Тэдэнд хандаач.*
10 Ен-Дорт сөнөсөн тэд
Газарт хаягдах бууц мэт болжээ.
11 Язгууртнуудыг нь Ореб Зееб нар шиг,
Бүх ноёдыг нь Зеба Залмунна хоёр шиг болгооч.*
12 “Бурханы бэлчээрийг эзэмшицгээе” гэцгээсэн тэднийг
13 Бурхан минь ээ, хамхуул мэт,
Салхинд хийсэх сүрэл мэт болгооч.
14 Ойг шатаадаг гал мэт
Уулсыг шатаадаг дөл мэт
15 Хуй салхиараа тэднийг хөөж,
Шуургаараа тэднийг сүрдүүлээч.
16 ЭЗЭН, нэрийг тань тэд эрж хайдаг болохын тулд
Нүүрийг нь ичгүүрээр дүүргээч!
17 Тэднийг мөнхөд ичээж айлгаач!
Шившиг болгон, мөхөлд учруулаач!
18 Ингэснээр, ЭЗЭН хэмээх нэртэй Та л ганцхан
Бүх дэлхийн Хамгийн Дээд Нэгэн гэдгийг
Тэд мэдэх болтугай.


  • 83:9 Шүү 4:6–22, 7:1–23
  • 83:11 Шүү 7:25, 8:12