Израилыг ивээсэн Бурханыг магтъя
Удирдаачид: Дуу. Дуулал.
66 1 Бүх газар дэлхий,
Бурханд баяртайгаар хашхир!
2 Түүний нэрийн сүр жавхланг дуул,
Магтаалыг нь сүр жавхлантай болго!
3 Бурханд “Таны үйлс хэчнээн сүрдмээр вэ!
Таны хүч аугаа учраас
Дайснууд тань Таны өмнө бялдуучилна.
4 Бүх дэлхий Танд мөргөж,
Таныг магтан дуулна.
Тэд Таны нэрийг магтан дуулна” гэж хэл. Села
5 Ирээд, хүний хөвгүүдэд үйлдсэн
Бурханы сүрдэм үйлсийг үз!
6 * Тэрээр далайг хуурай газар болгосон.
Тэд хөлөөрөө алхаж голыг гаталсан.
Тэнд бид Түүнд баярлацгаав.
7 Тэр эрх мэдлээрээ мөнхөд захирна.
Түүний мэлмий үндэстнүүдийг харсаар байна.
Тэрслэгчдэд өөрсдийгөө өргөмжлөхийг бүү зөвшөөр. Села
8 Хүмүүс ээ, бидний Бурханыг магтаж,
Магтаалынх нь дууг сонсгогтун!
9 Биднийг амьд байлгадаг Тэрээр
Бидэнд хөл алдахыг зөвшөөрдөггүй.
10 Бурхан, Та биднийг сорьсон.
Мөнгийг цэвэршүүлдэг мэт
Та биднийг цэвэршүүлсэн.
11 Та биднийг торонд оруулсан.
Ууц нуруунд маань дарах ачааг үүрүүлсэн.
12 Толгой дээгүүр маань бусдыг мордуулж
Гал ба усан дундуур бид гарч явсан.
Гэлээ ч Та биднийг
Элбэг баян газарт авчирсан.
13 Таны өргөөнд би
Шатаалт тахилуудыг авч орно.
Танд тангарагласнаа би биелүүлнэ.
14 Зовлон дунд би уруулаа нээж, үгээ хэлсэн
15 “Танд би тарган малаар
Шатаалт тахилуудыг өргөнө.
Хуцуудыг бас өргөнө.
Бухыг ухнатай хамт өргөнө”. Села
16 Бурханаас эмээгч бүгд ээ, ирж сонс.
Тэгвэл миний сүнсний төлөө
Түүний юу үйлдсэнийг би өгүүлье.
17 Амаараа Түүнд хашхирсан агаад
Хэлээрээ би Түүнийг өргөмжилсөн.
18 Хэрэв би зүрхэндээ хилэнц нүглийг хүндэтгэсэн бол
Эзэн сонсохгүй байх байсан.
19 Харин Бурхан үнэхээр сонсож,
Залбирлын минь дуунд
Тэр чих тавьсан.
20 Залбирлыг минь орхиогүй
Энэрэл хайраа ч надаас буцаагаагүй.
Бурхан магтагдах болтугай!
- 66:6 Гэт 14:21; Иош 3:14–17