Хүнд байдлаас хэлтэрсний төлөө талархал
Абимелехын өмнө галзуурсан дүр үзүүлж, хөөгдөөд явах үеийн Давидын дуулал.

34 1 Би ЭЗЭНийг цаг үргэлж магтана.
Түүнийг магтах нь миний аманд
үргэлж байх болно.
2 Сэтгэл минь ЭЗЭН дотор сайрхана.
Даруу хүн үүнийг сонсон баярлана.
3 Надтай хамт ЭЗЭНийг дээдэлж,
Хамтдаа нэрийг нь өргөмжилцгөөе!

4 Би ЭЗЭНийг хайсан агаад
Тэр надад хариулж,
Бүх айдсаас минь
Тэр намайг чөлөөлсөн.
5 Түүнийг харагсад гэрэлтэх болно
Тэдний царай хэзээ ч ичгүүрт эс орно.
6 Энэ ядуу хүн хашхирахад
ЭЗЭН түүнийг сонсож,
Зовлон шаналан бүгдээс нь
Түүнийг аварсан болой.
7 ЭЗЭНий тэнгэрэлч
Түүнээс эмээгчдийг хүрээлж, авардаг.
8 ЭЗЭН сайн гэдгийг амсацгаа, үзэцгээ!
Дотор нь хоргоддог нэгэн
Юутай ерөөлтэй вэ!*
9 Түүний ариун хүмүүс ээ,
Та нар ЭЗЭНээс эмээгтүн!
Учир нь Түүнээс эмээгчдэд
Юу ч дутагддаггүй.
10 Идэр арслан ч гачигдан өлсөж байдаг.
ЭЗЭНийг хайгчид харин ямар ч сайнаар дутагдахгүй.

11 Хүүхдүүд ээ, та нар ирж,
Намайг сонс.
Та нарт ЭЗЭНээс эмээхүйг
Би зааж өгье.
12 Амийг хүсэмжилдэг бөгөөд
Сайныг харахаар өдрүүдээ хайрлагч хэн бэ?*
13 Хэлээ муу муухайгаас,
Уруулаа худал хэлэхээс сахин хамгаал!
14 Муугаас салж, сайныг үйлд,
Амар тайвныг хай, мөшгө!

15 ЭЗЭНий мэлмий зөвт хүн дээр
Сонор нь тэдний хашхираан дээр байдаг.
16 ЭЗЭНий нүүр царай ёр мууг үйлдэгчдийн эсрэг байдаг нь
Тэдний дурсамжийг ч
Дэлхийгээс арилгахын тулд билээ.
17 Зөвтүүдийг хашхирахад ЭЗЭН сонсож,
Зовлон шаналан бүгдээс нь тэднийг аварна.
18 Эмтэрсэн зүрхнүүдэд ЭЗЭН ойр
Сүнсээрээ гэмшигчдийг Тэр авардаг.

19 Зөв шударгын зүдүүр их авч,
ЭЗЭН түүнийг тэр бүгдээс нь аварна.
20 Бүх ясыг нь Тэрээр хамгаална,
Бүр ганц нь ч хугарахгүй.*
21 Буруу явдалт хүн бузар муудаа хөнөөгдөнө.
Зөвтийг үзэн ядагчид өөрсдөө харин яллагдана.
22 ЭЗЭН зарц нарынхаа амийг аврах агаад
Түүнд хоргодох хэн нь ч буруутгагдахгүй.


  • 34:8 1Пт 2:3
  • 34:12–16 1Пт 3:10–12
  • 34:20: Иох 19:36