Талархал магтаал
Давидаас.

138 1 Би бүхий л зүрхээрээ Танд талархана.
Бурхдын өмнө Таныг би магтан дуулна.
2 Таны ариун сүмд хандан би мөргөж,
Хайр энэрэл, үнэний тань улмаас
Таны нэрд талархахын учир нь
Алдар нэр бүхнээсээ өндөрт
Амлалтаа Та өргөмжилснийх.a
3 Дуудсан өдөрт минь Та надад хариулав.
Сэтгэлийг минь хүч чадлаар зоригжуулав.

4 Аяа ЭЗЭН, амнаас тань гарах үгийг сонсохдоо
Газрын бүх хаан
Танд талархана.
5 Тэд ЭЗЭНий замуудын тухай дуулна
Учир нь ЭЗЭНий алдар аугаа.
6 ЭЗЭН хэдийгээр өндөрт байвч
Дорд нэгнийг хардаг.
Бардамнагчийг Тэрээр
холоос ч мэддэг.

7 Хэдийгээр зовлон шаналангийн дунд
Би явах болсон ч Та намайг сэргээнэ.
Дайснуудын минь уур хилэнгийн өмнөөс
Та мутраа сунгах бөгөөд
Баруун мутар тань намайг аварна.
8 ЭЗЭН миний төлөө гүйцэлдүүлнэ.
Аяа ЭЗЭН, хайр энэрэл тань мөнхийн юм.
Мутрынхаа бүтээлүүдийг бүү орхиоч.


  • a138:2 эсвэл Таны тушаал зарлиг бүх нэрээс тань аугаа.